Үерийн гамшигт өртсөн хүмүүст зориулж орон сууцны хороолол барина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/.Бүгд Найрамдах
Казахстан Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт үзүүлсэн санхүүгийн
буцалтгүй тусламжийн хүрээнд 2018 оны үерийн гамшигт нэрвэгдэж орон байргүй
болсон иргэдэд зориулж барих хорооллын барилгын ажил ирэх долоо хоногоос эхлэхээр
болжээ.
Өнгөрсөн оны долдугаар сард буусан уулын үерт тус аймгийн Өлгий сумын II, III, XII, XIII багаас 929 айл нэрвэгдэж 286 өрх гэр оронгүй, 274 өрх их хэмжээгээр, 393 өрх бага хэмжээгээр хохирч нийт 15 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирсан.
Харин Улсын нөөцөөс 80, төрийн бус болон олон улсын байгууллага, аж
ахуйн нэгж, хувь хүмүүсийн дэмжлэгээр 57 өрхийг орон байртай болгоод байгаа.
Мөн Засгийн газраас Казахстан Улсаас
хандивласан 500 мянган америк доллароос 400 мянган долларыг
Баян-Өлгий аймагт тохиолдсон үерийн гамшгийн хохирлыг арилгахад
зарцуулахаар шийдвэрлэсэн байдаг.
Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ээлжит
бус VII хуралдаанаар дээрх хөрөнгөөс гамшгийн дараах сэргээн босголтын ажилд
зарцуулсан шатахуун, томилолт, ажлын хөлс зэрэг шууд зардалд 488 сая, үерт
нэрвэгдсэн иргэдэд мөнгөн тусламж үзүүлэхэд 200 сая төгрөг, орон гэргүй болсон
айл өрхүүдийг байртай болгоход 510 сая төгрөг хуваарилжээ.
Үүний дагуу өнгөрсөн тавдугаар сарын 21-нд орон сууцны хороолол барих ажлын тендер зарлаж, долоон компанийг гүйцэтгэгчээр шалгаруулж энэ долоо хоногоос гэрээ байгуулж эхэллээ. Хороолол нь долоон багцаас бүрдэх бөгөөд 4х8 харьцаатай хоёр өрөө бүхий 56 айлын сууц юм. Эх сурвалжийн өгсөн мэдээллээр орон сууцны хорооллыг ирэх 10 дугаар сар гэхэд барьж дуусган ашиглалтад өгөх ажээ.