“Монгол Базальт” болон “АПУ” санхүүгийн тайлангаа танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-08-07 17:57:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол Базальт” болон “АПУ” ХК өнөөдөр Монголын Хөрөнгийн биржийн байранд хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч нарт хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа.

“Монгол базальт” ХК оны эхний хагас жилд 1 тэрбум 118.1 сая төгрөгийн боруулалтын орлоготой ажиллажээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад орлого 478.7 сая төгрөгөөр буюу 74.9 хувиар өсжээ. Тайлант хугацаанд тус компани 123.3 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, энэ нь нэгж хувьцаанд 2.19 төгрөг болж байгааг мэдээллээ. “Ногоон зээл”-ийн хүрээнд тус компани энэ оноос ХАС банктай хамтран иргэдэд дулаалгын чулуун хөвөн бүтээгдэхүүнийг худалдан авах боломжийг нээжээ. Энэхүү худалдан авалт нь агаарын бохирдол, утааг бууруулахад чиглэж, “Базальтвүүл” чулуун хөвөн бүхий материалаар иргэд байашингаа дулаалах зориулалтаар ногоон зээл авах боломжтой болж байгаа юм.


“АПУ” ХК-ийн хувьд энэ онд 30 шинэ болон шинэчилсэн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргаснаа тайлагналлаа. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл “Голомт” банк нь тус компанийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байсан ч хувьцаагаа “Steppe Beverage KFT”-д худалджээ.  “АПУ” ХК-ийн ТУЗ-ийн тогтоолоор компанийн 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 46 төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн бөгөөд энэ нь өнгөрсөн 10 жилд хамгийн өндөр буюу нийт 48.9 тэрбум төгрөгийн ногдол ашгийг зарлажээ.

Хөрөнгийн биржид бүртгэлтэй ХК-иуд мэдээллийн ил тод, нээлттэй байдал, компанийн засаглалыг хэрэгжүүлэх үүднээс хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайланг олон нийтэд танилцуулж байгаа юм. Хуваарийн дагуу маргааш “Ард санхүүгийн нэгдэл” болон “Ард даатгал” ХК-иуд тайлангаа мэдээлнэ. 

Б.Болд

相关新闻