Уяач нарт газар чөлөөлөх мэдэгдэл хүргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод/МОНЦАМЭ/.Дорнод аймгийн Булган, Хөлөнбуйр, Цагаан-Овоо сумын нутагт баруун аймгаас ирсэн олон тооны малчин хууль бусаар ирж суурьшиж байна. Цагаан-Овоо сумын нутаг Тосон хулстайн байгалийн нөөц газарт олон мянган адуутай уяачид хууль зөрчин суурьшиж байсан талаар өнгөрсөн сард Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг газар дээр нь ажиллаж, хяналт шалгалт хийсэн юм.
Тосон хулстайн байгалийн нөөц газарт Усны тухай хууль, Газрын тухай хууль, тусгай хамгалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжийг зөрчин гүн өрмийн худаг гаргаж, газрын хэвлий хөндөн барилга байгууламж барьсан, дур мэдэн газар эзэмшсэн, ашигласан зөрчил гарган суурьшиж байгаа Тод манлай уяач С.Ганхуяг, түүний хүү Г.Будхангай мөн Т.Чингис, Б.Батаа, тод манлай уяач Б.Билэгдэмбэрэл, С.Батаа нарт наймдугаар сарын 19-ны дотор газар чөлөөлөх мэдэгдэл хүргүүлжээ. Хэрвээ заасан хугацаанд дээрх улсын тусгай хамгаалалттай газар нутгийг чөлөөлөхгүй бол албадан нүүлгэхийг мэдэгдсэн байна.