Японы эрх баригчдын эсрэг хариу хориг арга хэмжээ авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-02 17:00:46

МОСКВА. /TASS/. Өндөр технологийн бүрэлдэхүүн хэсгийг хялбаршуулсан системээр хязгаарлалтгүйгээр нийлүүлдэг орнуудынхаа жагсаалтаас БНСУ-ыг хассаных нь хариуд манай улс Японтой хийдэг худалдаагаа хязгаарлах арга хэмжээг авах бодолтой байна хэмээн БНСУ-ын Эдийн засгийн асуудал хариуцсан Шадар сайд Хон Нам Ги мэдэгджээ.   


“Манай улс түүнчлэн итгэлтэй худалдааны түншүүдийн жагсаалтаас Японыг хасах бодолтой байна. Бид экспортын хяналтаа чангатгах үйл явцыг эхлүүлэх бодолтой байна” хэмээн тэрбээр  мөн мэдэгдсэн байна.


Нано материал болон өндөр технологийн бүрэлдэхүүн хэсгийг хялбаршуулсан системээр хязгаарлалтгүйгээр нийлүүлдэг орнуудынхаа жагсаалтаас БНСУ-ыг хасах шийдвэрийг Японы Засгийн газар өмнө нь гаргасан юм. Зохих шийдвэр нь энэ сарын 28-нд албан ёсоор хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх юм.


Дэлхийн хоёрдугаар дайны үед албадан хөдөлмөр эрхлүүлсний нөхөн төлбөрийг Солонгосын дөрвөн ажилчинд олгохыг БНСУ-ын Дээд шүүхээс Японы “Nippon Steel & Sumitomo Metal” компанид 2018 оны намар үүрэг болгосны дараа Токио, Сөүлийн харилцаа мууджээ. Японы Засгийн газар дээрх шийдвэрийг няцаагаад, энэ асуудлыг 1965 онд хоёр улсын харилцаа хэвийн байх үед эцэслэн шийдсэн гэж мэдэгдсэн байна. Тухайн үед байгуулсан хоёр талын гэрээнд ийм хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч орны төлөөлөгчийг оролцуулна гэж заажээ.

相关新闻