БНХАУ болон АНУ-ын төлөөлөгчид хэлэлцээгээ үргэлжлүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2019-07-31 13:10:32

ШАНХАЙ. /TASS/. БНХАУ-ын Шанхай хотноо мягмар гарагт эхэлсэн Америк-Хятадын худалдааны асуудлаарх ээлжит хэлэлцээ үргэлжилж байна.


Шанхай хотын мэдээллийн  "Пэнпай" цахим хуудсанд мэдээлснээр, АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин болон уг хэлэлцээнд улсаа төлөөлж буй Роберт Лайтхайзер БНХАУ-ын төлөөлөгчдийн багийн тэргүүн тус улсын Төрийн зөвлөлийн шадар сайд Лю Хэтэй эргийн алдартай гудамж болох Вайтаньд орших “Fairmont Peace Hotel” зочид буудалд уулзжээ.


Шанхай хотод даваа гарагт хүрэлцэн очсон Америкийн төлөөлөгчид Вайтань гудамжны “Hyatt” зочид буудалд байрлаж байгаа аж. Хятад-Америкийн харилцааны хувьд түүхэн хэмээн тооцогддог энэхүү зочид буудалд талууд  ажил хэргийн оройн зоог барьж, хэд хэдэн асуудлаар санал солилцож амжсан байна. Уг зочид буудалд АНУ-ын Ерөнхийлөгч байсан олон хүн байрлаж байжээ. 1972 онд АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон БНХАУ-д түүхэн айлчлал хийх үеэрээ “Шанхайн мэдэгдэл”-ийг баталсныг харгалзан үзвэл хэлэлцээ хийх газраар Шанхайг сонгосон нь ч бас чухал утгатай юм. Энэхүү мэдэгдлийг баталснаар хорин жилийн турш үргэлжилсэн түгшүүртэй байдлыг эцэс болгож, хоёр улсын харилцааг сайжруулах эхлэлийг тавьсан билээ.


“Reuters” агентлагийн мэдээлснээр, лхагва гарагт Роберт Лайтхайзер, Стивен Мнучин нар Лю Хэтэй албан ёсоор гар барьсны дараа хэлэлцээний үндсэн хэсэг эхэлсэн байна. Хэлэлцээ Шанхай хотын баруун хэсэгт оршдог "Сизяо" хотод үргэлжилнэ гэж “Синьхуа” агентлаг мэдээлжээ. Хэлэлцээ хэрхэн явагдаж байгаа талаар Хятадын талаас ямар нэг албан ёсны тайлбар хараахан хийгээгүй байна.


БНХАУ-тай хийж буй худалдааны хэлэлцээ “маш амжилттай үргэлжилж байна” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп долдугаар сарын 30-нд Виржини муж улс руу нисэхийнхээ өмнө Цагаан ордны Өмнөд нугад сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгджээ. Үүний сацуу тэрбээр Вашингтон болон Бээжин эсвэл "маш сайн гэрээ" байгуулна эсвэл "огт гэрээ байгуулахгүй" гэж цохон тэмдэглэсэн байна. Америкийн удирдагчийн үзэж буйгаар, Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татвар нь тус улсын эдийн засагт ихээхэн сөрөг нөлөө үзүүлсэн бөгөөд худалдааны хэлцэл байгуулах шийдвэр АНУ-ын талд байгаа аж.


相关新闻