Хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөрийг 2022 он хүртэл хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-07-31 11:43:50

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Засаг дарга "Булган аймгийн Төрийн албан хаагчдын хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөр"-ийг баталжээ.

Төрийн албаны мэргэшсэн тогтвортой, ил тод, хариуцлагатай байх бодлогыг хэрэгжүүлэн, төрийн албан хаагчдыг хөгжүүлэх, ёс зүйн хэм хэмжээг сахиулах, хариуцлагыг дээшлүүлэх, нийгмийн баталгааг хангах, төрийн албаны залгамж халааг бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго чиглэх юм байна.

Хөтөлбөрийг 2019-2022 онд хэрэгжүүлэх бөгөөд төрийн албаны хүний нөөцийг бүрэн хангаж, жил тутам нийгмийн баталгааг хангахаар 1,5 тэрбумаас доошгүй хөрөнгө зарцуулж, төрийн албан хаагчдын 50-иас доошгүй хувийнхны орон сууцны хангамжийг сайжруулахаар төлөвлөж байна.

Мөн төрийн албан хаагчдын 70,0 хувийг мэргэшүүлэх, 30,0 хувийг гадаадад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулахаар хөтөлбөрт тусгажээ.

相关新闻