Рашаант сум цэвэрлэх байгууламжаа шинэчлэн засварлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Рашаант сумын цэвэрлэх байгууламжийг шинэчлэн засварлах
ажлыг "Ус боргио" ХХК хийж ашиглалтад орууллаа.
Барилгын иж
бүрэн засвар, хоёр тунгаагуур шинээр тавих, олон жил хуримтлагдсан лагийг цэвэрлэх, лагийн талбай
шинээр байгуулах, хашаа барих
зэрэг ажлыг гүйцэтгэжээ.
"Манай сумын бүх байгууллага, барилга байгууламж цэвэр, бохир усны шугам сүлжээтэй. Сүүлийн 30 гаруй жил энэ дэд бүтцийг ашиглаагүй байсан. Энэ жил аймгийн байгаль хамгаалах сангийн 140,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар цэвэрлэх байгууламжийг шинэчлэн засварлах ажил хийлээ.
Ингэснээр иргэд эрүүл, цэвэр
орчинд амьдрахаас гадна аялал жуулчлал, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ач холбогдолтой" тус сумын Засаг дарга
Б.Бат-Эрдэнэ ярив.
Цэвэрлэх
байгууламж хоногт 50 шоометр бохир усыг дөрвөн үе тунгааж цэвэрлэн ариутгах хүчин
чадалтай.