Цагдаагийн байгууллагын 80 жилийн түүхийг номын хуудаснаа мөнхлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-07-30 15:19:16

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын түүхт 80 жилийн ойд зориулсан баримтат кино, "Түүх үргэлжилсэн он жилүүд"  номын нээлт, гэрэл зургийн цомгийн  үзэсгэлэн боллоо. 

Нээлтийн үеэр аймгийн Цагдаагийн газрын дарга О.Ганбат, "Аливаа ойн баяр тэмдэглэх нь өнгөрсөн түүхийг хадгалах, түүхээс суралцах, өнөөгийн ажил үйлсдээ үнэлэлт дүгнэлт хийх, ирээдүйн дүр зураг, зорилго зорилтыг тодорхойлоход чухал байдаг.

Бид Өвөрхангай аймагт Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөн тэртээх 1939 оноос өнөөдрийг хүртэлх түүхэн баримтыг судалж, эрж хайж “Түүх үргэлжилсэн он жилүүд” түүхэн ном, “Бидний түүх гэрэл зурагт” фото альбом “Алба хаагчдад тохиолдсон хөгжилтэй явдал” товхимол, “Үл мартагдах он жилүүд” түүхэн баримтат киног бүтээсэн" хэмээв.

Цагдаагийн газрын түүх нь зөвхөн нэг байгууллагын түүх биш, энэ байгууллагатай ажил амьдралаа холбосон мянга мянган хүмүүс, тэдний гэр бүлийн түүх гэдгийг нээлтийн үеэр онцолж байлаа.

Тиймээс тус байгууллагатай ажил, амьдралаа холбосон хүмүүсийг орхигдуулахгүй байх, түүхэн баримт сэлтийг сайтар судалсан төдийгүй  үе үеийн алба хаагчид, цагдаагийн байгууллагад элэгтэй олон хүний тус буянаар номыг бүтээсэн байна.


相关新闻