Цагдаагийн газрын түүхт 80 жилийн ой тохиов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай
/МОНЦАМЭ/.Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын түүхт 80 жилийн ой тохиож
байна. 1939 оны хоёрдугаар сарын 28-нд Дотоод явдлын яамны сайд Х.Чойбалсан
59 дүгээр тушаал гаргаж, Өвөрхангай аймгийн Цагдан сэргийлэх ангийг гурван
тасагтай байгуулснаас хойш 80 жилийн түүхээ бичиж байна.
Цагдаагийн албаныхан түүхэн
ойгоо долдугаар сарын 25-наас 26-нд ёслол төгөлдөр тэмдэглэсэн юм. Ойн баяр
наадмаар цэргийн байгууллагуудын ёслолын жагсаал, тусгай бүлгийн болон албаны
эрэлч нохойн үзүүлэх тоглолт, хурдан морины уралдаан, бөхийн барилдаан, хуучны
автомашины үзэсгэлэн, автомашины парад, мотоспортын олон улсын хэмжээний мастер, Ази
тивийн аварга Э.Халиунболдын үзүүлбэр олны сонорт хүрлээ.
Мөн байгууллагын түүхийг мөнхөлсөн баримтат кино, ном зэргийг бүтээж, гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, баярын хурал, хүндэтгэлийн тоглолт зохион байгуулж үе үеийн тэргүүний алба хаагчдаа шагнаж урамшуулав.
Албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн Цагдаагийн
газрын албан хаагчдын гэгээн дурсгалд зориулж, “Бид мартахгүй” дурсгалын
хөшөөг босгосон байна.





