Шилдэг өвлөн уламжлагч Д.Дуламд хүндэтгэл үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-07-30 13:50:03

Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагч”, МУСТА, олноо Дөмөн хэмээн алдаршсан уртын дуучин Д.Дулмаад хүндэтгэл үзүүлж бэсрэг наадмыг түүний төрсөн нутаг Өлзийт суманд зохион байгуулжээ. 

Аймгийн БСУГ, Өлзийт сумын ЗДТГ-аас хамтран зохион байгуулсан наадмаар уртын дуу дуулаачдын аймгийн II уралдааныг гурван насны ангиллаар зохиож, цолгүй 32 бөхийн барилдаан, дааганы уралдаан, “Аравдах” наадаан болов. Урдын дууны өсвөр насны ангилалд Өлзийт сумын сурагч С.Балдандаш, залуучуудаас Уянга сумын уртын дууч М.Дүгэрсүрэн, ахмадуудаас Өлзийт сумын уртын дууч А.Тулга тус тус тэргүүн байрт шалгарав.

Хүчит бөхийн барилдаанд Сант сумын харъяат Б.Тэрбиш түрүүлж, Өлзийт сумын залуу бөх С.Гонгор үзүүрлэсэн бол 23 даага шандас сорин уралдаж, Өлзийт сумын уяач Т.Дэмбэрэлийн саарал даага түрүүлэн Есөнзүйл сумын уяач Санжаасүрэнгийн зээрд халзан аман хүзүүдлээ.

Д.Дулам гуай 1932 онд Өвөрхангай аймгийн Өлзийт суманд төрсөн бөгөөд бага насандаа өөрийн ээжээр заалган уртын дууг дуулж сурсан байна.

"Дөмөн" уртын дууг эмэгтэй хоолойн хамгийн дээд өнгөнөөс эхлэн хоолойн өндөр өнгөөр дуулдаг онцлог арга барилыг эзэмшсэн тэрбээр бүх ард түмний урлагийн их наадам, язгуур урлагийн удаа дараагийн тэргүүн шагналыг хүртэж байжээ.

Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан гавъяаг нь төрөөс үнэлж, энэ оны эхэнд “Шилдэг өвлөн уламжлагч”-аар шалгаруулсан.

相关新闻