Зуны хүлэмжид тариалалт хийж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад атар газар эзэмшсэний 60 жилийн ой тохиож буйтай холбогдуулан ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан тус аймагт таван ширхэг зуны хүлэмжийг бэлэглэжээ. Аймгийн ХХААГ, улсын тэргүүний "Алтанцацал" хоршоо, газар тариалан эрхлэгч иргэдийн нөхөрлөл хамтран эдгээр хүлэмжид нарийн ногоо тарих туршилтыг эхлүүллээ.
Сүхбаатар аймагт
газар тариалан төдийлөн сайн хөгжөөгүй ч газар тариалан эрхлэгч, сонирхогчдын
тоо жилээс жилд нэмэгдэх болсон. Хашаандаа хэрэглээнийхээ хүнсний ногоо, бусад
төрлийн мод бутыг тарьж ургуулах хүмүүс олширсон гэдгийг холбогдох газраас мэдээлдэг.
Тэгвэл энэ удаа хувь хүн биш газар тариалан сонирхогч иргэд хамтран зуны
хүлэмжийн туршилтыг ийнхүү хийж эхлээд байна.
Цаг хугацааны хувьд
арай оройтсон учир эхний ээлжинд хүлэмждээ навчит ногоо, байцааны үрсэлгээг
суулгалаа. Үүнийг эхлүүлж буй хамгийн гол ач холбогдол бол газар тариалангийн
салбарт ажиллах боловсон хүчнээ бэлтгэж буй явдал юм. Энэ удаад 10 иргэнийг зуны
хүлэмжид ажиллуулж байна. Үүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эмэгтэйчүүд,
мөн ахмадууд багтсан. Эдгээр хүмүүсийг
ХХААГ-аас мэргэжил, аргазүйгээр хангана. Ингэснээр цаашид өвлийн хүлэмжид
ажиллах хүмүүсээ бэлтгэж байна гэсэн үг. Сүхбаатар аймагт зуны хүлэмжид нарийн
ногоо тариалдаг цөөн тооны хувь хүн бий. Яг үүн шиг нэг дор олон хүлэмж
төвлөрүүлж, тариалалт хийж байсан тохиолдол байхгүй. Тэгэхээр хамтын хүчээр хүлэмжийн аж ахуй
эрхлэх ажлын эхлэл маш амжилттай тавигдаж байна гэдгийг аймгийн ХХААГ-ын дарга
Э.Өлзийтогтох онцоллоо.