Дэлхийн хамгийн халуун зургадугаар сар бүртгэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ЛОНДОН. /Independent/. Энэ оны зургадугаар сар дэлхийд урьд өмнө нь бүртгэгдэж байгаагүй хамгийн халуун зургадугаар сар байсан талаар Европын хиймэл дагуулын агентлагаас мэдээлжээ.
Европын Уур амьсгалын өөрчлөлтийн газрын мэдээлэлд дурдсанаар, 2019 оны зургадугаар сарын агаарын температур өмнөх зургадугаар саруудаас хамгийн өндөр байсан аж. Өнгөрсөн сард Европын орнуудын агаарын дундаж температур хэвийн хэмжээнээс Цельсийн 2 хэмээс илүү байсан бол Франц, Герман болон Испанийн хойд нутгаар Цельсийн 6-10 хэмээр өндөр байжээ.
Өмнө нь 2016 оны зургадугаар сард дэлхийн агаарын дундаж температур Цельсийн 0.1 хэмээр өндөр байсан нь дэлхийн хамгийн халуун зургадугаар сар хэмээн бүртгэгдэж байв. Мэргэжилтнүүдийн хэлснээр, өнгөрсөн долоо хоногт Европ даяар хэт халсан нь уур амьсгалын өөрчлөлт болон Хойд Африкийн халуун агаар түрэн орж ирсэнтэй холбоотой ажээ.