“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ эхний хагас жилд төсөвт 530 тэрбум төгрөг төвлөрүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ энэ оны эхний хагас жилийн байдлаар хүдэр олборлолт болон боловсруулалтын төлөвлөгөөг 102.8 хувиар биелүүлж, нийт 16.2 сая тонн хүдэр боловсруулжээ.
Үүнийг өнгөрсөн оны мөн
үетэй харьцуулахад 452.1 мянган тонноор илүү байгаа юм. Тодруулбал, эхний зургаан
сарын хугацаанд тус үйлдвэр 291.94
мянган тонн зэсийн баяжмал, 2.5 мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлэжээ. Үйлдвэрийн энэхүү үндсэн үзүүлэлтийг дагаад эдийн засгийн үзүүлэлтүүд ч өссөн байна. Мөн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нэг төгрөгт ногдох зардлыг гурван хувиар бууруулж
ажилласан байна. Үүний үр дүнд “Эрдэнэт
үйлдвэр” ТӨҮГ улс, орон нутгийн төсөвт 530 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Энэ
талаар тус үйлдвэрийн Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч
Д.Үүрийнтуяа мэдээллээ.