Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар хэлэлцүүлэг хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Монгол Улсын үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх хэлэлцүүлэг Алтай хотноо болсон бөгөөд хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд болон орон нутгийн удирдлагууд албаны бусад төлөөлөгчдийн хамт оролцож иргэдийнхээ санал бодлыг сонсов.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд Дэлгэр сумын малчид, ард иргэдтэй уулзан дээрх асуудлаар санал бодлоо солилцоход иргэд нэмэлт, өөрчлөлт орж байгаа хэсгүүдийг зарчмын хувьд дийлэнх олонхоороо дэмжиж байгаа хэдий ч шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангах, нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт өөрчлөлтийн асуудлыг олон талаас харах нь чухал гэдгийг онцолжээ.
Иргэдээс санал аваад зогсох биш хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг зохион байгуулж тэдэнд хүртээмжтэй мэдээлэл өгч байгаа нь ач холбогдолтой арга хэмжээ боллоо гэдгээ мөн үеэр илэрхийлж байлаа.