Буянт суман дахь нүүрсний илэрцийг бүрэн тодруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-01 11:12:02

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Ерөнхий сайдын зөвлөх Х.Ержан, аймгийн Засаг дарга Х.Дармен нар болон сумдаас аймгийн ИТХ-д сонгогдон ажиллаж байгаа төлөөлөгч Р.Төлеу, Б.Бекболат нарын зэрэг хүмүүсийн хамт хөдөөний малчдын дунд ажиллаж байна.

Тэд Алтанцөгц, Цэнгэл, Улаанхус, Сагсай, Бугат, Толбо, Дэлүүн, Булган, Алтай, Буянт суманд ажиллалаа.

А.Бакей гишүүн төр засгийн бодлогыг танилцуулаад, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа сонгогч олон түмэнд тайлагнаж байна. Уулзалт, ярилцлагад оролцсон иргэд бүтээн байгуулалтын ажил, ялангуяа авто зам тавигдаж байгаа явдалд сэтгэл хангалуун байгааг дурдаад, мал, мал аж ахуйн бүтээгдэхүүний үнийг өсгөх, экспортонд гаргах, улам бүр доройтсоор байгаа малчдын нийгмийн асуудалд төр засгийн зүгээс анхаарал халамж тавих зэрэг санал хүсэлтээ тавьж байна.

Мөн тус аймгийн Алтай, Буянт суманд ажиллахад эндхийн иргэд Цалгарын зуслангийн замыг засах, гүүрийг шинэчлэх, мал, махыг экспортонд гарган эргэлтэнд оруулах, сургуулиудын сургалтын чанарыг сайжруулах арга хэмжээ авч өгөхийг хүсэв.

УИХ-ын А.Бакей мал, мах гадагшаа гаргахад энэ нутагт гарсан шүлхий өвчин саад болсныг дурдаад, ер нь манай орны бэлчээрийн даац 30 сая малаас хэтрэх нь бэрх байдал үүсгэх тул жилд арван зургаан сая толгой малыг экспортлох боломжтой. Махан бүтээгдэхүүн үйлдвэрлэн гадагшаа гаргах арга замыг бид хайж байна. Тэрчлэн арьс шир, нэхий, сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэл дээр анхаарал хандуулж байна. Манай орны хувьд уул уурхайн үйлдвэрээс уламжлалт мал аж ахуй илүү их үр өгөөжтэй. Тус аймгийн нутагт ашигт малтмалын хайгуул бүрэн гүйцэд явагдаж амжаагүй. Буянт сумын нутагт нүүрсний илэрц бий гэсэн мэдээтэй, үүнийг бүрэн тодруулах алхам хийгдэх болно гэдгийг ярилаа.

УИХ-ын гишүүн А.Бакей, МУ-ын Ерөнхий сайдын зэвлөх Х.Ержан, аймгийн Засаг дарга Х.Дармен, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч гишүүн Д.Мурат нар Алтанцөгц, Баяннуур сумдад ажиллав. Эдгээр сумдад уулзалтын цуглаанд оролцсон иргэдээс хадлан, тариалангийн талбайг усжуулахад улсын зүгээс туслах, хөдөөнийхний ахуй амьдралыг дэмжих, эрүүл мэндийн даатгал болон машин техникийн татварыг өсгөх биш бууруулах арга хэмжээ авахыг хүсэв. Мөн зарим эцэг эхчүүд бүрэн дунд сургууль төгсөгчид монгол хэлний шалгалтанд тэнцээгүй тохиолдолд элсэлтийн бусад шалгалтанд оруулахгүй байгаа явдал хатуудаж байгааг санал болгов.

Эрхэм гишүүн А.Бакей хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслүүд хэрэгжиж байгааг дурдаад, зөвхөн малчдыг дэмжих төсөлд тус аймагт 270 сая төгрөг хуваарилагдаж байгаа, харин түүнээс юуны өмнө зудтай өвөлжсөн сумдын малчдад өгөх болсоныг мэдэгдэв. Үүнтэй холбогдуулан Баяннуурын зарим иргэн бусад суманд 45 хоног цасан зудтай байсан бол манайд 86 хоног мөсөн зуд болсоныг анхааран үзээч гэв.

Ш.Айзаря

 

相关新闻