Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүнд хурдан хүлэг бэлэглэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙМонголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн, МУСГЗ Р.Нямдорж, дэд тэргүүн Д.Данзан нар Баян-Өлгий аймагт зочлов.
Монголын Үндэсний бөхийн холбооны тус аймаг дахь салбарын тэргүүн, өмгөөлөгч Я.Сьезийн урилгаар хүрэлцэн ирсэн эрхэм зочид «Наурыз көже» зооглоод улмаар Я.Съезийн төрсөн нутаг Алтай сумаар аялан, нутгийн иргэдийн ахуй амьдрал, зан заншилтай танилцан халуун дотно яриа өрнүүлэв. Эрхэм зочид тус аймгийнхан улсын харцага О.Бахытаас хойш гучин таван жилийн дотор тус аймгаас улсын цолтой бөх гарч ирэхийг хүсэн хүлээж байгааг дурдаад, харин одоо тус сумын Еркебулан, Чулуунбат, аймгийн цолтой Серик, Мустапа нарын зэрэг өсөх ирээдүйтэй залуучууд итгэл төрүүлж байгаа тухай ярилаа. Зочдын хүндэтгэлд зориулан сумын уран сайханчид ая дуугаа өргөн барьж, Р.Нямдоржид улсын сайн малчин эдүгээ нас сүүдэр ер хүрээд байгаа ахмад малчин Б.Яй эмээл, хазаартай хурдан хүлэг бэлэглэлээ.
Р.Нямдоржийн «Хэрхэн аз жаргалтай болох вэ?» номыг 2012 онд харцага О.Бахыт казах хэл дээр хэвлүүлэн гаргаснаар Баян-Өлгийнхэн түүнийг улам сайн таньдаг болсон юм.
Ш.Айзаря