Цэнгэл сум гал түймэр унтраах, аврах ангитай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-06-24 21:31:02

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 114 тоот тогтоолоор Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд гал түймэр унтраах, аврах анги байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Улмаар өнөөдрийг хүртэл онцгой байдлын анги үйл ажиллагаа явуулахад шаардлагатай санхүүжилтийг 2019 оны улсын төсөвт суулгаж, холбогдох бэлтгэл ажлуудыг явуулсан байна.

Мөн тус сумын эмнэлгийн хуучин байрыг засаж тохижуулан оффиссын болон бялдаржуулах өрөө, сургалтын танхим, хоолны заал, чөлөөт цагаа өнгөрүүлэх байр зэргээр ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлснээр Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр анги өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. 

Нээлтийн ёслолын ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, аймгийн орлогч дарга Ш.Хавыл тэргүүтэй төр засаг, орон нутгийн удирдлагын төлөөллүүд оролцов.

Онцгой байдлын анги ийнхүү үйл ажиллагаагаа эхлүүлснээр Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Сагсай, Улаанхус сумуудын 20 гаруй мянган иргэнийг болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах боломж бүрдэж байна.

相关新闻