Орон нутагт гэмтэл согогийн тусламж үйлчилгээг амжилттай хүргэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ЭМГ, БОЭТ-өөс ГССҮТ-тэй хамтран “Орон нутагт гэмтэл согогийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах нь” төслийг амжилттай хэрэгжүүлж дууслаа.
Төсөл 2019 оны эхний өдрөөс эхлэн 6 сарын турш хэрэгжсэн бөгөөд үр дүнд нь орон нутгаас нийслэлд очиж эмнэлгийн тусламж үйлчилгээ авч буй иргэдийн тоо буурсан хэмээн үзэж байна. Төслийн хугацаанд тархины хурц болон архаг хэлбэрийн цусан хурааг авах, гавлын ясны цөмөрсөн хугарлыг сөхөх, дээд мөчдийн ясны хугарлыг ил аргаар бэхлэх, үхжилт эдийг авах гэхчлэн 20 гаруй төрлийн мэс заслыг хийжээ. Энэ үеэр 2567 иргэнд үзлэг оношилгоо хийснээс 47.8 хувь буюу 1228 нь БОЭТ-д, 52.2 хувь буюу 1339 нь хөдөө орон нутагт хийсэн байна.
Хэрэв 2567 үйлчлүүлэгч ГССҮТ-д очиж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан бол зөвхөн унааны зардалд 236 812 000 төгрөг зарцуулах байсан. Мөн байр, хоол, болон бусад урсгал зардалд дээрх мөнгөн дүнгээс хэд дахин их хэмжээний зардал гарах байсныг тус төслийн үр дүнд хэмнэлээ хэмээн дүгнэж байна.