Их Британи хүлэмжийн хийн ялгарлаа тэглэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-06-13 14:09:05

ЛОНДОН. /BBC/. Их Британийн Засгийн газрын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх төлөвлөгөөний дагуу 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлаа тэг болгох зорилт тавьжээ.


Ерөнхий сайд Тереза Мэй хэлэхдээ, өвлөж авснаасаа илүү сайхан дэлхийг үр хойчдоо үлдээх нь бидний ёс суртахууны үүрэг юм гэжээ. Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь эрүүл мэндэд ихээхэн ач холбогдолтойн зэрэгцээ үндэсний эрүүл мэндийн үйлчилгээний зардлыг бууруулах ажээ.


Энэхүү зорилтыг тавьсан эхний томоохон орнуудын нэг Их Британи болсон бөгөөд уг шийдвэрийг байгаль хамгаалагчид сайшаан хүлээн авсан байна. Үүний зэрэгцээ уур амьсгалыг хамгаалахад хэдийнэ оройтсон хэмээн үзэх хүмүүс байгаа бол дээрх зорилтыг боломжгүй гэж зарим хүн үзэж байна.


Их Британи хүлэмжийн хийн ялгарлыг 2050 онд 80 хувиар бууруулахаар төлөвлөж байсан хэдий ч уг зорилтыг улам чангатгасан нь энэ ажээ. Хэрэв бусад улс орнууд энэхүү жишгийг дагавал 2100 онд агаарын температур 1.5 хэмээр нэмэгдэх магадлал 50 хувиар буурах ажээ.


Агаарын температур 1.5 хэмээр нэмэгдсэн тохиолдолд уур амьсгалын өөрчлөлтийн учруулах үр дагавар гурав дахин нэмэгдэх төлөвтэй байна. 

相关新闻