ЖДҮХС-гийн зээлд 89 иргэн, аж ахуйн нэгж хамрагдах хүсэлт ирүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ХХААГ Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас /ЖДҮХС/ хөнгөлөлттэй зээл авах хүсэлттэй иргэдийн материалыг өнгөрсөн сарын 27-ны өдрөөс энэ сарын 10-ны хооронд хүлээн авсан байна.
Ирсэн төслүүдийг онлайн сүлжээнд бүртгэж битүүмжилснийг
өнөөдөр хэвлэл мэдээллийн байгууллагуудыг байлцуулан танилцууллаа. Энэ жил экспортыг
нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, шинээр бизнес
эрхлэх болон ажлын байр бий болгох зорилгоор ЖДҮХС-гаас тус аймагт нэг тэрбум
төгрөгийн санхүүжилт хуваарилсан байна.
"Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан Төсөл
сонгон шалгаруулах дэд хороо эхний ээлжинд ирсэн 89 төслийг онлайн програмд
оруулж бүрдлийг шалгана. Үүний дараа төсөл ирүүлсэн иргэн, аж ахуйн нэгжүүд
Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сан, Сум хөгжүүлэх сан, Ажил
эрхлэлтийг дэмжих сан болон ЖДҮДС-д хугацаа хэтэрсэн өр, төлбөртэй эсэхийг
тодорхойлно. Эдгээр шалгууруудыг давсан тохиолдолд дэд хорооны хуралдаанд
оруулж, үнэлгээ өгөх замаар зээл олгох төслүүдийг сонгон шалгаруулна" гэдгийг
аймгийн ХХААГ-ын дарга Б.Нургулан хэллээ.
ЖДҮДС-гийн хөнгөлөлттэй зээл нь 20-200 хүртэлх сая
төгрөг байх ба жилийн найман хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай, банкаар
дамжуулан олгох аж. Мөн зээл авагчид эхний нэг жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөхөөр журамлажээ.
Хөнгөлөлттэй зээл авах иргэн, аж ахуйн нэгжүүдийг
сонгон шалгаруулах ажлыг наадмаас өмнө зохион байгуулж дуусахаар төлөвлөж
байгааг Төсөл сонгон шалгаруулах дэд хорооныхон онцоллоо.