Хархираагийн ноён оргилд уулчид авирч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Монголын уулчдын нэгдсэн холбооноос Тариалан сумын нутагт “АЛЬПИНИАД-2019” уулчдын нэгдсэн цугларалтыг энэ сарын 10-наас эхлэн зохион байгуулж байна. Тус цугларалтын хүрээнд Монгол Улсын өнцөг булан бүрээс ирсэн уулчид Хархираа нурууны ноён оргил болох Мөст оргилд авирах юм байна.
Тус оргил нь далайн түвшнээс дээш 4037 метрт оршдог аж. Энэ үеэр Монгол Улсын
уулын спортын цол, зэрэг хамгаалах багийн техникийн авиралт, “Мөст оргил-2019”
скайранингийн багийн тэмцээн болон “Мөст оргил” чөлөөт авиралт зэрэг үйл
ажиллагааг зохиох бөгөөд нийтдээ гурван өдрийн турш үргэлжлэх юм байна.
Тэмцээний зохион байгуулагчаар БОАЖЯ, Увс аймгийн ЗДТГ,
БТСГ, БОАЖГ, Нэгдсэн эмнэлэг, Уулын спортын Хархираа клуб, УТХГНЗ, Цагдаагийн
газар, Тариалан сумын ЗДТГ тус тус ажиллаж байна. Тэмцээнд 17 багийн 150 гаруй
тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд Увс аймгаас Уулын спортын ОУХМ П.Сарантуяа
дасгалжуулагчтай “Хархираа клуб”, Тариалан сумын “Хархираа” ТББ-ын баг тамирчид
оролцож байна.