2012 оны сонгуулийн зардлаас 2 дахин бага хэмжээ тогтоолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨвөрхангай аймгийн Аудитын газраас 2016 оны Орон нутгийн хурлын сонгуулийн тойрогт нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоон танилцууллаа.
Сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41,3-т “Орон нутгийн хурлын сонгуулийн тухайд төрийн аудитын дээд байгууллагаас тогтоосон жишигт нийцүүлэн аймаг, нийслэл дэх төрийн аудитын салбар байгууллага нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх орон нутгийн хурлын сонгуулийн тойрогт нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг санал авах өдрөөс 90-ээс доошгүй хоногийн өмнө тогтооно” хэмээн заасны дагуу нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын дээд хэмжээг хуулийн хугацаанд тооцон гаргаж, аймгийн ИТХ-д хүргүүлээд байна.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн зардлыг нам эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 186.1 сая төгрөгөөр, нэр дэвшигчдийн зарцуулах зардлын дээд хэмжээг сумын сонгогчийн болон өрхийн тоо, нутаг дэвсгэрийн хэмжээнээс хамаарч 17-114 сая төгрөгөөр тогтоожээ. Энэ нь 2012 оны Орон нутгийн сонгуулийн дээд зардлаас 2 дахин багассан дүнтэй байгаа юм.
Өвөрхангай Б.Батчимэг