“Хүүхдээ сонсъё” хэлэлцүүлэг боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын “Мазаалай” театрт “Хүүхдээ сонсъё” хэлэлцүүлэг боллоо.
Хэлэлцүүлгийг нээж тус аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн С.Гансэлэм үг хэлж, хүүхдийн төлөө хийж, хэрэгжүүлж буй ажлын тайланг товч танилцуулсан юм. Түүнчлэн аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэбилэг, ГБХЗХГ-ын дарга С.Болормаа, Төрийн соёрхолт зохиолч Чадраабалын Лодойдамба гуайн зээ охин, тус аймгийн хүүхдийн элч Л.Энхнасан, Зохиолч яруу найрагч Р.Эмүжин нар оролцож, хүүхдүүдийн санаа бодлыг сонсож, ярилцан харилцан мэдээлэл солилцов.
Хэлэлцүүлэгт оролцогч хүүхдүүд “Хүүхдийн дөрөвдүгээр чуулганы үеэр амалсан амлалтуудын биелэлтийг асууж тодорхой хариулт авсан бол тус аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн С.Гансэлэм сар бүрийн 25-нд аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүдийг оролцуулсан хурал зохион байгуулж, хүүхдүүдтэйгээ ярилцан, санаа бодлыг нь сонсож байна гэдгээ илэрхийлсэн юм. Мөн үеэр хэлэлцүүлэгт оролцсон хүүхдүүдэд зохиолч яруу найрагч Р.Эмүжин өөрийн зохиол бүтээлийг дурсгал болгон гардууллаа.