Архивын улсын үзлэгт бэлтгэж, нэгдсэн сургалт зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийг 4 жилд нэг удаа зохион байгуулдаг. Тус үзлэгийг энэ онд орон даяар явуулах бөгөөд Өвөрхангай аймагт ирэх 6 дугаар сард төв комисс ирж ажиллана.
Үүнтэй холбогдуулан улсын үзлэгт бэлтгэх аймгийн салбар комиссоос сумдын ЗДТГ-ын дарга нар, хэлтэс, албадын удирдлагууд, байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлт
хариуцсан ажилтнуудыг нэгдсэн сургалтад хамруулж, үзлэгт бэлтгэх
чиглэлээр аргазүйн зөвлөмж өгсөн бөгөөд Архивын ерөнхий газрын
Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Ч.Оюунчимэг
улсын үзлэгийн зохион байгуулалт, анхаарах асуудлуудын талаар мэдээлэл,
зөвлөгөө өгөв.
Тэрээр хэлэхдээ "Улсын үзлэгийн ач холбогдол нь эргээд төрийн байгууллагын үйл ажиллагааг хөнгөн шуурхай явуулахад нөлөөлөн, хариуцлага дээшилж, чанар хүртээмж нэмэгддэг. Архивын баримт бичгийн хэрэглэгч нь ард түмэн байдаг учраас төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтөд хяналт тавьж ажиллах нь чухал юм" гэлээ.
Мөн энэ үеэр сумдын ЗДТГ-ын дарга, хэлтэс албадын удирдлагуудад Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилттэй холбогдуулан батлагдсан журам, дүүрмүүдийн талаар нэгдсэн ойлголт, мэдээллийг өгч байна.