Монгол ажилчдын тоог нэмэгдүүлэх шаардлагатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2019-05-24 13:17:39

Дорнод /МОНЦАМЭ/ Газрын тосны салбарын ажилтны өдөр жил бүрийн 5 дугаар сарын 4 дэх ням гарагт болдог. Энэ өдрийг тохиолдуулан Дорнод аймгийн удирдлагууд газрын тосны салбарын ажиллагсадтай уулзалт, хэлэлцүүлгийг энэ сарын 23-нд анх удаа зохион байгууллаа.

Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна Дачин тамсаг” компанид 598 монгол ажилтан ажиллаж байна. Үүнээс газрын тосны 19-р талбайд 294, 21 дүгээр талбайд 272, Улаанбаатар хот дахь ажлын байранд 32 хүн ажилладаг байна. Энэ удаагийн уулзалт, хэлэлцүүлэгт 40 гаруй ажилчин оролцож тулгамдаж буй асуудлуудаа танилцуулсан.

Тэд өөрсдийн ажиллаж, амьдарч буй орчин нөхцөлөө сайжруулах хүсэлтэй байдгаа илэрхийлээд ажилчдын эрх ашгийг хамгаалах хууль хэрэгжихгүй байгаагаас монгол ажилчдын эрх зөрчигдөх явдал гарч байгааг хэлж байлаа. Мөн монгол хүн хийж болох ажлыг хятад хүн хийдэг, тэдний цалин ялгаатай байдаг тухай хэлж байв. “Петрочайна Дачин тамсаг” компанийн зүгээс монгол ажилчдын 20 хувийг цомхотгох шийдвэр гаргах төлөвтэй байгаа ч тус аймгийн удирдлагуудаас монгол ажилчдын тоог нэмэгдүүл гэсэн албан шахалт тавьж байгаа аж.

“Петрочайна Дачин тамсаг” компанийг гүний ус хэтрүүлэн хэрэглэсэн, байгалийн нөхөн сэргээлт хийгээгүй, газрын тос тээвэрлэх замаа хуулийн хугацаанд барьж дуусгахгүйгээр олон салаа зам гаргаж байгаль орчинд хохирол учруулсан гэх зэрэг үндэслэлээр Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн 2017, 2018 онд бүтээгдэхүүн тээвэрлэлтийг нь түдгэлзүүлж байсан. Энэ шийдвэрийн дараа Дорнод аймгийн удирдлага, “Петрочайна дачин тамсаг” компани, Ашигт малтмал газрын тосны газар гурвалсан гэрээ байгуулж, дээрх асуудлуудад хэлцэлд хүрсэн ч хэрэгжилт хангалтгүй байсаар байна.

相关新闻