Малчдад бэлэн мөнгөний тусламж хүрнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬОлон улсын Улаан загалмайн нийгэмлэгүүдийн “Улаан хавирган сар” холбооны тусламж Дундговь аймгийн 300 малчинд хүрэхээр болсон байна. Зудад өртөж, мал сүргийнхээ арваас илүү хувийг хорогдуулсан, 200- аас доош толгой малтай малчин өрхөд бэлэн мөнгөний тусламж үзүүлэх ажээ.
Өнгөрсөн өвөл “Улаан хавирган сар” холбооны шинжээчид Монгол Улсад ажиллаж, зудын эрсдлийн байдалд үнэлгээ өгсөн бөгөөд малчдад нэн түрүүнд бэлэн мөнгөний тусламж хэрэгтэй байна гэж судалгаагаар гаргасан байна. Тиймээс нэг малчинд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192 мянган төгрөгийг олгохоор болсон ажээ. Баруун, зүүн бүсийн аймгуудын малчдад энэ тусламж очсон бол одоо Дундговь аймгийн малчдад ийнхүү хүрэх ажээ.
192 мянган төгрөгийг 200 малчинд Хаан банкаар дамжуулан олгоно. Харин 100 малчинд тус бүр 64 мянган төгрөгийг, гурил, будаа, ургамлын тос, элсэн чихэр, давс цай багтсан хүнсний багцын хамт өгөх юм байна.
Тусламж 15 сумын малчдад хүрэх бөгөөд хамгийн олон нь зудтай, хүндхэн өвөлжсөн Өндөршил сумаас 30 малчин багтсан бол өнтэй өвөлжсөн Сайхан- Овоо сумаас 6 малчинд тусламж хүрэх ажээ.
Т. Отгонтуяа