Хуримын ордноос 6 мянга гаруй хүнд үйлчилгээ үзүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Гэр бүл, хүний хөгжлийн төв буюу Гэрлэх ёслолын ордон өнгөрсөн онд нийт 6 мянга гаруй хүнд гэр бүлийн бат тогтвортой байдлыг хангах чиглэлээр үйлчилгээ үзүүлжээ.
Тухайлбал, 21 удаагийн сургалтыг зохион байгуулж, 700 гаруй хүнийг оролцуулсан бол хурим, ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд 3000 гаруй хүнийг хамруулж, захиалгат хоол, үйлдвэрлэл, үйлчилгээг 2800 хүнд хүргэсэн байна.
Хүний амьдралын хамгийн аз жаргалтай агшин өрнөж байдаг тус өргөө анх 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдөр ашиглалтад орсон бөгөөд өдгөө 13 хүний орон тоотой, жилийн 145 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгээр нийтийг хамарсан олон талт үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Гэрлэх ёслолын ордны үйл ажиллагааг илүү сайжруулахын тулд цаашид менежментийн гэрээгээр хувьд шилжүүлж болох, эсэх талаар аймгийн ИТХ-ын түвшинд яригдаж байгаа аж.