Ирэх жилийн уламжлалт нөхөрсөг тэмцээн Ерөө суманд болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг өнгөрсөн амралтын өдрүүдийг спортоор амьсгалж өнгөрүүллээ. Тус аймаг нь 17 сум, 6 тосгоноо таван бүсэд бүсчлэн хувааж, нийтийг хамарсан үйл ажиллагаагаа хялбаршуулан явуулдаг. Энэ удаа Ерөө бүсийн ИТХ, ЗДТГ, Захирагчийн албаныхан оролцсон төрийн албан хаагчдын нөхөрсөг уулзалт тэмцээнийг энэ сарын 18, 19-ний өдөр Бугант тосгонд амжилттай зохион байгууллаа. Тус бүсэд Хүдэр, Ерөө, Жавхлант сум, Бугант тосгон харьяалагддаг юм.
Аймгийн Засаг даргын ивээл дор явуулдаг энэхүү уламжлалт тэмцээнд
Ерөө, Хүдэр, Жавхлант сум, Бугант тосгоны 120 гаруй төрийн албан
хаагч оролцлоо. Тэд гар бөмбөг,
олс таталт, буудлага, дартс, шатар зэрэг спортын төрлүүдээс гадна караоке
тэмцээнээр өрсөлдөж шилдгүүдээ
тодруулсан байна.
Энэ удаагийн нөхөрсөг
уулзалт тэмцээнд багийн нийлбэр дүнгээр Жавхлант сумын төрийн албан хаагчид
түрүүлж, шилжин
явах цом, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртжээ. Удаах байруудад Бугант тосгоны болон Ерөө
сумын төрийн албан хаагчид тус тус шалгарчээ.
Ингээд дараа жилийн нөхөрсөг уулзалт тэмцээнийг Ерөө суманд зохион байгуулахаар болж, шилжин явах тугийг тус суманд гардуулан өглөө.