Цэргийн дүйцүүлэх алба хаагчид бүтээн байгуулалтад оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. Цэргийн дүйцүүлэх албыг биеэр хаагчид Ламын гэгээний 380 жилийн ой угтсан ажлуудад гар бие оролцож байна.
Аймгийн Засаг даргын 2019 оны “Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагчдаар ажил үүрэг гүйцэтгүүлэх тухай” А/244 дүгээр захирамжийн дагуу ЗДТГ-ын Цэргийн штабаас Баянхонгор сумын ЗДТГ-тай хамтран 2017-2019, 2018-2020 онд алба хааж буй 50 иргэнийг ийнхүү ажиллуулжээ. Алба хаагчдыг энэ сарын 6-14-ний өдөр Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн байрлалд нэгтгэн байрлуулж, БСУГ-ын “Насан туршийн боловсрол” төвөөс Амьдрах ухаан, Гэр бүлийн боловсрол зэрэг сэдвээр сургалт хийж, орон нутгийн бүтээн байгуулалтын ажилд үүрэг гүйцэтгүүлсэн байна.
Тус ажлын хүрээнд Түйн гол дагуух 3 км газарт хамгаалалтын хайс суулган, ногоон зурвас байгуулах, Түйн гол дагуух ойн зурваст мод тарих 600 ширхэг нүхийг ухаж бэлтгэх, Баянхонгор сум дахь хатуу хучилттай авто замын 2 талын зурвас газруудад цэвэрлэгээ хийж, хайс, тэмдэг тэмдэглэгээг засварлан, хөрсний тэгшилгээ хийх, ногоон зурвас дахь хөрсний бохирдлыг арилгаж, нөхөн сэргээлт, ашиглалт хамгаалалтын ажлуудыг хийж гүйцэтгэжээ.
Мөн төвлөрсөн хогийн цэгүүдийн ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэх болон аймгийн төв доторх овоолгоотой шороо, барилгын суурины үлдэгдэл зэрэг овор ихтэй хог хаягдлуудыг ачиж, төвлөрсөн хогийн цэгт буулгасан зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг хийжээ.