Пальмира хотын минаг цэвэрлэх ажилд ОХУ-ын цэргүүд оролцоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Боковатай утсаар ярьж, Пальмира хотыг минаас цэвэрлэх ажилд Сири дэх цэргүүдээ оролцуулна гэж амласан тухай Кремлийн ордны хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгджээ.
ЮНЕСКО-гийн өв газар болох эртний Пальмира хотыг террористуудаас чөлөөлсөнд баяртай байгаагаа Путин Ирина Боковад илэрхийлээд, тус хотыг минаас цэвэрлэх ажилд ОХУ-ын бие бүрэлдэхүүн Сирийн цэргийнхэнтэй хамтран ажиллана гэж түүнд мэдэгдсэн байна.
Террористуудын учруулсан хохирлыг дүгнэж, нөхөн сэргээлтийн үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргахад чиглэсэн арга хэмжээг яаралтай авахад Сиритэй хамтран ажиллахаар Путин, Бокова нар тохиролцсон байна.
Харин Бокова, тусламж үзүүлсэнд талархаж байгаагаа Путинд илэрхийлээд, хамтран ажиллахаа дахин нотолжээ.
Сирийн цэргийнхэн ОХУ-ын агаарын цохилтын дэмжлэгтэйгээр эртний Пальмира хотыг өчигдөр террористуудаас бүрэн чөлөөлсөн байна.
Д.Нямтулга