Сирид нислэггүй бүс байгуулахыг Турк уриаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-03-25 15:21:01

АНКАРА. /Anadolu/. Сирид энхийг тогтоох зорилгын хүрээнд тус улсын хойд нутагт нислэггүй бүс байгуулах хэрэгтэй гэж Туркийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дахин мэдэгдэв.

Анкара, Истанбул, Брюссельд болсон халдлагуудын дараахан буюу өчигдөр Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган тэргүүтэй Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Анкара хотод хуралдаж, Сирийн асуудал болон терроризмтой тэмцэх хүчин чармайлтын талаар хэлэлцэн мэдэгдэл хийжээ.

Сирид нислэггүй бүс байгуулах нь зөв бөгөөд ач холбогдол бүхий шийдэл юм гэсэн саналыг Турк дэвшүүлжээ. Мөн бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэхийн тулд илүү дорвитой арга хэмжээ авахыг НҮБ болон олон улсын хамтын нийгэмлэгт уриалсан байна.

Терроризм нь шашин шүтлэг, хэл, арьсны өнгө, үндэс угсааг үр харгалзан заналхийлж байгааг мэдэгдэлд онцолсон байна. Мөн ямар ч террорист заналхийлэлтэй тууштай тэмцэхээ Турк дахин мэдэгджээ.

Үүнээс гадна, дүрвэгсдийн асуудлыг зохицуулах тухай Туркийн саналыг ЕХ дэмжиж байгаа бөгөөд үүнийг яаралтай хэрэгжүүлэх хэрэгтэй гэж мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

相关新闻