Цэвэр, бохир усны эх үүсвэрийг хамгаалах тухай асуудлыг хэлэлцлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас 2015 онд “Ус хангамж ариутгах татуургын хамгаалалтын бүс тогтоох тухай”, 2018 онд “Ариутгах татуургын шугам сүлжээний хамгаалалтын бүс тогтоох тухай” шийдвэр гарч байсан.
Энэ сарын 6-ны өдөр хуралдсан Тэргүүлэгчдийн хуралдаанаар дээрх тогтоолуудын хэрэгжилттэй танилцаж, тэмдэглэлээр үүрэг өглөө. Энэ үеэр Тэргүүлэгчдийн зүгээс А зэрэглэлийн бүсэд газар олгохдоо инженерийн шугам сүлжээ, түүний хамгаалалтын зурвасыг тооцож газар олгож байхыг онцгойлон сануулав.
Мөн ГХБХБГ, Онги ус суваг ОНӨҮГ гэхчлэн холбогдох байгууллагууд уялдаа холбоотой ажиллах, ундны усны эх үүсвэрийг цэвэршүүлэх, хамгаалалтад авах, Арвайхээр дэх усан сангуудыг Онги ус суваг ОНӨҮГ-ын харьяанд оруулах, ухаалаг худгийн системд шилжих зэрэг саналыг хэлж зохих үүрэг чиглэлийг өгөв.
Арвайхээр сумын бохир усны шугам дээр дөрвөн барилга барьсан, 15 эзэмшил газар бохир усны шугамын хамгаалалтын зурваст олгогдсон, цэвэр усны дамжуулах шугамын хамгаалалтын зурваст 17 айлын эзэмшил газар орсон, 1000 м3-ийн усан сангийн эрүүл ахуйн хориглолтын бүсэд 7 айлын өмчлөлийн газар орсон зэрэг зөрчлүүд байгаа юм. Гэвч бохир усны хамгаалалтын зурвас, цэвэр усны дамжуулах шугамын хамгаалалтын зурвасыг чөлөөлөх ажлыг одоогоор хийгээгүй байна.