Иргэн Б.Бауыржан жилд 20 тонн өргөст хэмх тариалах хүчин чадалтай өвлийн хүлэмж байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-05-06 21:32:33

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэн Б.Бауыржан өөрийн хүч хөрөнгөөр жилд 20 тонн өргөст хэмх тариалах хүчин чадалтай өвлийн хүлэмж байгуулж, анхны ургацаа хураахад бэлэн болжээ.

Түүний байгуулсан өвлийн хүлэмжийн нийт талбай нь 200 метр квадрат бөгөөд нийтдээ 40 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.

"Өмнө нь зуны хүлэмж ажиллуулж байлаа. Энэ хүлэмжээ 2018 оны 11 дүгээр сард барьж дуусгасан. Өвлийн улиралд ард иргэдийг чанартай, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах, зуны хүлэмж эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжүүдэд үрсэлгээ нийлүүлэх зорилго тавин ажиллаж байна. Тус хүлэмжид нэг улиралд 400-500 өргөст хэмх тариалах юм бол 4-5 тонн ургац авах боломжтой. Анхны тариалалтаа өнгөрсөн хоёрдугаар сард хийсэн. Бүтээгдэхүүнээ дэлгүүрүүдээр дамжуулан борлуулна. Эрэлт хангалттай байгаа" хэмээн Б.Бауыржан хэллээ.


Түүний хувьд цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлж нэмж хэдэн хүлэмж барих, улаан лооль, гүзээлзгэнэ, чинжүү тариалахыг зорьж байна.

Монгол Улсын Засгийн газраас жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл оройн 22.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд өвлийн хүлэмжийн цахилгааны төлбөрийг 100 хувь чөлөөлөх шийдвэр гаргасан. Гэвч уг шийдвэр орон нутагт хараахан бодит хэрэгжээгүй байна. Харин аймгийн ХХААГ-ын агрономич арга зүйн зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах зэргээр дэмжлэг үзүүлдэг байна.

Гэвч анхны хөрөнгө оруулалтаа нөхөхийн тулд 2-3 жил шаарддаг энэ төрлийн бизнест тухайн дэмжлэг хангалтгүй тул төр засгийн зүгээс төсөл, хөтөлбөрүүдэд хамруулах, бага хүүтэй урт хугацаатай зээл олгох зэрэг бодлогын чанартай арга хэмжээ авах шаардлагатайг иргэн Б.Бауыржан хэлж байлаа. 



相关新闻