Аймгийн Гар бөмбөгийн насанд хүрэгчдийн 2019 оны аварга шалгаруулах тэмцээн боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Гар бөмбөгийн насанд хүрэгчдийн 2019 оны аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 4-5-ны өдөр Алтай хотноо зохион байгуулсан бөгөөд эрэгтэй, эмэгтэй 18 багийн 162 тамирчин оролцлоо.
Энэ удаагийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын лиг болон улсын шигшээ багийн шилдгийн шилдэг 40 гаруй тамирчин хүрэлцэн ирж тоглосноороо онцлогтой боллоо хэмээн Говь-Алтай аймгийн Биеийн тамир, спортын газраас мэдээлэв.
Шилдгүүдийг танилцуулбал, эрэгтэй багуудаас нэгдүгээр байрт Хатанбаатар эзэнтэй спортын мастер Н.Төрболд ахлагчтай "Буудайн Хөх Уулс" ХХК-ийн баг, удаах байруудад Г.Жалцавжий эзэнтэй Д.Алтаншагай ахлагчтай "Мандал-Алтай" ХХК, Спортын мастер Ган-Очир ахлагчтай Эрдэнэ сумын багууд шалгарчээ. Харин эмэгтэй багуудаас Б.Алтайбаатар эзэнтэй Цэрэндулам ахлагчтай тус аймгийн ЗДТГ-ын баг тэргүүн байрт шалгарсан бол Спортын мастер М.Энхтуул ахлагчтай Эрдэнэ сумын баг, П.Баяржаргал ахлагчтай Алтай-Улиастайн эрчим хүчний систем ТӨХК-ийн багууд удаалжээ.
Шилдэг тэгш довтлогчоор “Буудайн Хөх Уулс" ХХК-ийн багийн тоглогч улсын шигшээ багийн ахлагч, спортын мастер Цэрэнбаатар, Алтай-Улиастайн эрчим хүчний систем ТӨХК-ийн багийн тоглогч улсын шигшээ багийн довтлон тоглогч, спортын мастер Г.Энхнаран, шилдэг довтлогчоор “Мандал Алтай" ХХК-ийн багийн тоглогч улсын шигшээ багийн довтлон тоглогч, спортын мастер Цэнд-Аюуш, Эрдэнэ сумын багийн тоглогч Б.Цолмон, шилдэг холбогчоор Эрдэнэ сумын багийн тоглогч улсын шигшээ багийн холбон тоглогч Г.Төрмандах, ЗДТГ-ын багийн холбон тоглогч Ж.Мөнхтуяа нар шалгарлаа.