Завханаас мал мах бэлтгэн "Номин"-гийн сүлжээ дэлгүүрээр худалдана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан /МОНЦАМЭ/. Завханы гурван сумаас мал мах бэлтгэн Улаанбаатар хотод “Номин” сүлжээ дэлгүүрт худалдан борлуулахаар болжээ.
Тодруулбал, Завхан аймаг мал мах бэлтгэн Улаанбаатар хот дахь "Номин"-гийн сүлжээ дэлгүүрээр борлуулахаар гэрээ байгуулж, малчдын амьжиргааг дээшлүүлэхэд хамтарч ажиллахаар болжээ. Эхний ээлжид тавдугаар сарын 5-ний өдөр Тэлмэн, Тосонцэнгэл, Их-Уул сумаас 220 хонь, 30 үхрийг авч Тосонцэнгэл сум дахь мах боловсруулах үйлдвэрт нядлан “Номин” сүлжээ дэлгүүрт нийлүүлэх юм байна. Ийнхүү нэг кг хонины махыг 6800 төгрөг, нэг кг үхрийн махыг 6500 төгрөгөөр "Номин" сүлжээ дэлгүүрт нийлүүлэхээр болсон байна.
Дашрамд дуулгахад, Завхан аймагт малын гоц халдварт өвчин гараагүй эрүүл бүс нутаг юм байна. Завханд Хөдөө аж ахуйн маркетинг төслийн санхүүжилтээр Отгон, Цэцэн-Уул суманд хоногт дөрвөн бод, 40 бог нядлах хүчин чадалтай бага оврын нядалгааны үйлдвэр байгуулжээ. Мал нядалгааны цех байгуулсанаар дотоодын хэрэгцээнд мал мах бэлтгэх ажил эрчимжсэн бөгөөд өнөөдрийн байдлаар “Тэс шим” хоршоо 12,0 тонн хонь, ямааны мах, “Завхан хүнс” ХХК 1000 толгой адууны махыг дээрх үйлдвэрээр дамжуулан бэлтгэж дотоодын хэрэгцээнд нийлүүлж байна.
Энэ жил "Мах маркет" ХХК 420,0 тонн адууны мах, “Тэс шим” хоршоо 700,0 тонн адууны махыг тус тус бэлтгэж БНХАУ-д гэрээний дагуу нийлүүлж байна. Мөн Тэс сумын Арцсуурь боомт дахь "ЭДГС" ХХК нь ОХУ-аар дамжуулан Иран улс руу 300,0 тонн хонины мах нийлүүлэхээр гэрээ байгуулж, мах бэлтгэлийн ажлыг хийж байна хэмээн аймгийн ХХААГ-аас мэдээлэв.