МУЗН-ийн хүмүүнлэгийн 80 жилийн ой тохиож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв /МОНЦАМЭ/. Өнөөдөр Төв аймгийн Солонго танхимд ЕБС-ийн улаан загалмайчдын төлөөлөл 100 гаруй хүүхэд багачууд сайн үйлст нэгдэн хуран чууллаа.
МУЗН-ийн хүмүүнлэгийн 80 жилийн ой энэ жил тохиож байгаа ажээ.
Төв аймгийн Улаан загалмайн хороо (УЗХ) ойн хүрээнд олон ажлуудыг төлөвлөн хийж байна.
Энэхүү ажлын хүрээнд өнөөдөр өсвөрийн болон залуучуудын улаан загалмайчдын төлөөлөл болсон Төв аймгийн 27 сумын 33 сургуулийн 100 гаруй хүүхэд багачууд хуран чуулж сайн сайхан үйлст хувь нэмрээ оруулахаар нэгдэж байна хэмээн МУЗН, Үндэсний хүмүүнлэгийн байгууллага (ҮХБ)-ын Төв аймаг дахь салбарын дарга Б.Отгончимэг мэдээллээ.
Энэ үеэр МУЗН, ҮХБ-ын Хүүхэд залуучуудын хөдөлгөөн (ХЗХ)-ий тэргүүн Э.Ууганбаяр МУЗН-ийн гол зорилго бол хүүхэд залуучуудад зөв хүмүүжил олгох, сайн үйлст нэгдэн бие биедээ туслах сэтгэлтэй болгоход чиглэгддэг хэмээн хэллээ.
МУЗН үүсч хөгжсөн түүхэн ойн баярыг угтаж, 80 настай 80 ахмад улаан загалмайчдад хүндэтгэл үзүүлсэн сайхан үйл ажиллагааг зохион байгуулжээ.
Олон улсын улаан загалмайн хороо (ОУУЗХ) нь зэвсэгт мөргөлдөөн болон бусад хүчирхийллийн нөхцөл байдлын улмаас зовж шаналсан хохирогчдын амь нас, нэр хүндийг хамгаалах, тэдэнд тусламж үзүүлэх зорилготой аж.
Тус байгууллага нь шударга, төвийг сахисан, бие даасан хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг байна.
Олон Улсын Улаан Загалмайн Хороо (ОУУЗХ) нь хүний зовлон шаналлаас хуваалцах, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон улсын хүмүүнлэгийн эрх зүй, хүмүүнлэгийн зарчмуудыг сурталчилан таниулах, бэхжүүлэх зорилготой ажилладаг байна.
Уг хороо нь 1863 онд байгуулагдсан цагаас эхлэн ОУУЗХ нь дэлхий даяар зэвсэгт мөргөлдөөн болон хүчирхийллийн бусад нөхцөл байдалд олон улсын хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагааг удирдан зохицуулж иржээ. Женевийн конвенц түүний нэмэлт протокол нь нэгдэн орсон улс орнуудын мөрдвөл зохих олон улсын гэрээ болдог ажээ.
Манай орны хувьд 1939 онд “Монголын улаан хэрээстийн эвлэл”-ийн анхдугаар Их хурал 4 дүгээр сарын 30-нд Улаанбаатар хотноо хуралдаж, анхны дүрмээ баталжээ. Энэ өдрийг Монголын Улаан загалмай нийгэмлэг (МУЗН) байгуулсан өдөр гэж манай улс тэмдэглэдэг байна.
Женевийн конвенцийг 1958 онд Монгол Улсын Засгийн газар соёрхон баталжээ. Монгол Улс 1959 онд МУЗН Олон Улсын Улаан Загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Холбоонд 84 дэх гишүүнээр элсчээ.
Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны суурин төлөөлөгч 1994 онд МУЗН-ийн Хөгжлийн хөтөлбөрийг дэмжиж, Монголд Улсад ажиллаж эхэлсэн байна.
Жил бүрийн тавдугаар сарын 8-ныг Үндэсний хэмжээнд “Хүмүүнлэгийн өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байна.
Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ баталж, хүмүүнлэгийн салбарт төрдөө нэмэлт хүч болох Үндэсний хүмүүнлэгийн байгууллага мөн болохыг баталгаажуулжээ.
МУЗН-ийн Үндэсний чуулганыг хуралдуулж, Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуульд нийцүүлэн дүрэм, "Стратеги- 2020" зэрэг бодлогын баримт бичгүүдийг шинэчлэн баталсан байна.