Б.Ганбаатар: Албан тушаалаа урвуулан ашиглаж төсвийн хөрөнгийг завших гэмт хэрэг өсөх хандлагатай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймагт үйлдэгдэж буй гэмт хэрэг тэдгээрээс авлига, албан тушаалын гэмт хэргийн шалтгаан нөхцөл, тоон судалгааны талаар тус аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Б.Ганбаатараас тодрууллаа.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Говь-Алтай аймгийн Прокурорын газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр судалгаа хийсэн гэсэн, зорилго болоод чиглэлийг нь танилцуулбал? .
-Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж, Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах ажлын хүрээнд Говь-Алтай аймгийн хэмжээнд үйлдэгдэн гарч байгаа гэмт хэргүүдийн шалтгаан нөхцөлийг тогтоох, зарим төрлийн гэмт хэргүүдийн гаралтын байдалд дүн шинжилгээ хийж, өсөлттэй байгаа гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлах, улмаар уг гэмт хэргүүдээс урьдчилан сэргийлэх зорилгоор улирал бүр гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлах ажлыг төлөвлөн ажилладаг.
Бид энэ чиглэлээр өмнө нь залилах, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргүүдийн гарч буй шалтгаан нөхцөлийг судалж иргэдэд мэдээ мэдээлэл хүргэж байсан. Харин энэ удаа 2019 оны дөрөвдүгээр сард “Авлига, албан тушаалын гэмт хэргийн шалтгаан нөхцөл, тоон судалгаа”-г 2018 он, 2019 оны нэгдүгээр улирлын байдлаар гаргалаа.
-Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулбал энэ төрлийн гэмт хэрэг ямар үзүүлэлттэй байна вэ?
-2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан буюу Авлигын гэмт хэрэг 4, 23 дугаар бүлэгт заасан нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 3, Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хөрөнгө завших гэмт хэрэг 4 бүртгэгдсэн байна. Харин 2019 онд Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэг 8, 23 дугаар бүлэгт заасан Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 3 бүртгэгджээ.
Шийдвэрлэлтийн байдлаар нь авч үзвэл 1 хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн 10 хэрэг ажиллагаанд шалгагдаж байна. Судалгааны дүнгээс харахад Авлига, албан тушаалын болон нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийг 2018 оны бүтэн жил, 2019 оны дөрөвдүгээр сарын байдлаар харьцуулж үзэхэд энэ төрлийн гэмт хэргийн гаралт нэмэгдсэн байх бөгөөд төрийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үйлдсэн, төрийн болон төсвийн хөрөнгийг завших үрэгдүүлэх зэрэг гэмт хэрэг өсөх хандлагатай байна.
-Энэ төрлийн гэмт хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуульд хэрхэн зохицуулж, ямар хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг вэ?
-Монгол Улсын Эрүүгийн хуульд авлига, албан тушаалын гэмт хэрэг нь 22 дугаар бүлэгт бүтэн нэг бүлэг болж орсон байдаг ба нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт ч мөн албан тушаалтан нь гэмт хэрэг үйлдэж болох субьектэд хамаардаг. Тухайлбал: 22.1 дүгээр зүйлд Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг 2-5 жил хүртэл хугацаагаар хасаж, 5400-27000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр их хэмжээний хохирол учруулсан бол хүндрүүлэх, энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол онц хүндрүүлнэ гэх мэтээр хуульчилсан байдаг.
-Өмнө нь буюу 2002 оноос хойш хэрэгжиж байсан Эрүүгийн хуулиас одоо хэрэгжиж байгаа хуулийн заалтуудын давуу тал нь юу вэ?
-2017 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс өмнө хэрэгжиж байсан буюу 2002 оны эрүүгийн хуулинд дээрх гэмт хэргүүдийн улмаас үлэмж, их хэмжээний хохирол учирсан байхыг шаарддаг байсан бол шинэчлэн батлагдсан Эрүүгийн хуулиар хохирлын хэмжээ шаардахгүй болсон байгаа. Ийм учраас төрд мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх их ч бай бага ч бай ямар нэгэн хэмжээгээр хохирол учруулсан эсхүл ямар нэгэн шийдвэр гаргуулах болон гаргуулахгүй байх зэрэг үйлдэл нь хохирол шаардахгүйгээр гэмт хэргийн шинжийг хангаж байгаа нь өмнөх хуулиас онцлог талтай юм.
-Авлига, албан тушаалын гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл гэвэл?
-Авлига, албан тушаалын гэмт хэргийг судлах явцад төрийн байгууллага, түүний удирдах албан тушаалтанд тавих хяналт сул, санхүүгийн үйл ажиллагаа хууль, журамд заасны дагуу явагддаггүй, хяналт шалгалтаар байгууллагын үйл ажиллагаанд илэрсэн зөрчлийг илрүүлэх ажил дутмаг, гарсан зөрчлийг арилгуулах арга хэмжээ авдаггүй, төрийн албан тушаалтнууд хууль, эрх зүйн мэдлэггүй, хувийн ашиг сонирхлын зөрчилтэй байдал зэрэг нь авлига, албан тушаалын гэмт хэрэг гарах нийтлэг шалтгаан нөхцөл болсон байна.
Мөн аймагт Үйлдвэрлэл худалдаа эрхлэгч нарын орон нутаг дахь гэрээт борлуулагч хийж байгаа хүмүүс итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг завших, үрэгдүүлэх гэмт хэрэг нэлээдгүй гарч байна. Энэ нь хоорондоо тооцоо муу, санхүүгийн баримт бүрдүүлэх, данс хөтлөх ажил хаа хаанаа хангалтгүй байгаатай холбоотой ч асуудал байна. Төсвийн хөрөнгө зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэгт төсөв захирагчаас гадна хоёрдугаар гарын үсэг зурдаг нягтлан бодогч нар анхаарах шаардлагатай байна.
-Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд ямар ажил, арга хэмжээг зохион байгуулах шаардлагатай байна вэ?
-Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд төрийн байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнуудад хууль, эрх зүйн мэдлэг олгох, төрийн болон төрийн өмчит байгууллагуудын үйл ажиллагааг нийтэд ил тод байлгах, төрийн албан хаагчийн томилгоог шударга, нээлттэй зохион байгуулах, олон нийтэд авлига, албан тушаалын гэмт хэргийн хор аюулын талаар ухуулан таниулах, авлига, албан тушаалын гэмт хэргийг илрүүлэхэд иргэд, олон нийтийг татан оролцуулах арга хэлбэрийг ашиглах нь үр дүнтэй юм.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа.