Монгол, Хятадын харилцааны соёлын дэд зөвлөл байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-05-02 13:38:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  БНХАУ, Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хоёр орны урлагийн төлөөлөл уулзалт хийж, Хөх хот болон Ордос хотоор аялаад иржээ.  

Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр тэргүүтэй Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл, урлагийн газрын хэлтсийн дарга Г.Батхуяг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Боловсролын хүрээлэнгийн захирал П.Лхагвасүрэн, Дуурь, бүжгийн эрдмийн театрын дарга, Гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгс, Үндэсний урлагийн их театрын хөгжмийн зохиолч М.Бирваа нар дөрөвдүгээр сарын 18-25-нд ӨМӨЗО-ы урлагийн ажилтнуудтай уулзаж, хамтын ажилагааны талаар ярилцжээ.

 “2017 онд Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод болсон. Тус үйл ажиллагааны хүрээнд хоёр орны урлагийн хамтын ажиллагаа улам бэхэжсэн. Энэ жил болох ээлжит экспод хамтран хэрэгжүүлэх томоохон төслүүдээс гадна урлагийн хөтөлбөрүүдийн талаар хэлэлцэж Монгол Улсын Засгийн газар болон Соёл, урлагийн газар үйл ажиллагаандаа тусгах болно.

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын эрхлэх асуудлын хүрээнд театрын урлаг, хөгжмийн урлаг, кино урлаг, дүрслэх, дизайны урлагийн төрлүүд хамаардаг. Хоёр орны урлагийн холбоод олон жилийн хамтын ажиллагаатай. Энэ удаад ч мөн утга урлагийнхны холбоотой хэлэлцэж буй санал, хөтөлбөрүүдийг ажил хэрэг болгох талаас нь ажиллах болно. Дашрамд хэлэхэд, Монгол, Хятадын харилцааны соёлын дэд зөвлөл байгуулахаар ярьж байна” хэмээн Соёл, урлагийн газрын дарга Г.Батхуяг ярилаа.

Энэ уулзалтад оролцоод ирсэн Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын дарга Ц.Түвшинтөгс, “Хоёр орны уран бүтээлчдийн туурвисан дуурийн цомнол, жүжгийн зохиол, хөгжмийн бүтээлүүдийг хамтарч тайзан дээр тавих нь туршлага солилцооны хамгийн үр дүнтэй арга юм. Мөн хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд жүжигчид болон симфони, найрал хөгжмийн хамтарсан багаар бүрэн хэмжээний дуурь тоглох асуудал дэмжигдсэн. Одоо цаг хугацааг нь тогтох чухал байна. Хамтарч тавих уран бүтээлээр дамжуулан хоёр орны уран бүтээлчид хамтарч ардын урлаг, тэр дундаа харилцаа дуулалт жүжгийг тогтмол тоглох хүсэлтэй байна” гэв.

相关新闻