МУСТА Л.Сүхбатын шавь нар хүүхдийн бүжгийн анхдугаар наадмыг хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-04-29 17:00:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн бүжгийн өдрийг тохиолдуулан бүжиг дэглээч МУСТА Л.Сүхбат агсны гэр бүл, үр хүүхэд, шавь нар нь "Бүжгийн цоморлиг" хүүхдийн бүжгийн анхдугаар наадмыг Архангай аймагт өнөө, маргааш зохион байгуулж байна.

Бүжиг дэглээч, МУСТА Л.Сүхбат  Архангай аймгийн ХДТ-ын даргын албыг хашиж, арын сайхан хангай нутагт олон жил урлаг, соёлын үрийг тарьж, мэргэжлийн урлагийн байгууллагыг чадварлаг удирдан, хүүхдийн "Тайхар" чуулгыг үүсгэн байгуулж, хүүхэд багачуудын авьяасыг нээн, хөгжүүлж байсан уран бүтээлч юм. Түүний шавь нар анхны энэ наадмыг санаачлан, тэдний санаачилгыг  Л.Сүхбатын гэр бүлийнхэн  дэмжин хүүхдийн наадам зохион байгуулж байгаа аж. Ардын жүжигчин Б.Ичинхорлоогийн нэрэмжит Хөгжимт драмын театрын тайзнаа авьяаслаг хүүхдүүд бүжгийн урлагаа аймгийн иргэдэд толилуулж эхэллээ.


Л.Сүхбатын гэр бүл урлагийн удмаа нэр төртэйгээр үргэлжлүүлж байгаа. Түүний хань бүжигчин, жүжигчин, МУСТА, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Ч.Лхагваахүү нь олон жил аймгийнхаа театрт ажиллаж, олон тайз дэлгэцийн уран бүтээлд дүрээ мөнхөлсөн бол хүү МУСТА С.Батхүү нь ЦДБЭЧ-д бүжигчин, хүү МУСТА С.Баттулга нь Улсын филармонид дуучин, охин МУСТА С.Батцэцэг нь ҮБХИС-ийн Хөгжмийн сургуульд багш, хүү МУСТА С.Батсайхан нь "Чингис хаан" хамтлагийн бөмбөрчин юм. Мөн дуучин С.Баттулгын охин Б.Ялгуун Монгол Улсын консерваторид төгөлдөр хуурч мэргэжлээр суралцаж байна. МУСТА С.Баттулга Архангайн уран бүтээлчдийн "Тайхар" нэгдлийг байгуулж 11 дэх жилдээ олон уран бүтээлчдийн уран бүтээлийг дэмжихийн сацуу өөрийн бие даасан "Хүний сайхан хорвоод" тоглолтоо хийсээр байгаа. Өнөө орой төрсөн нутаг Ихтамир сумандаа уг тоглолтоо хийнэ.  Л.Сүхбатын гараас олон МУСТА бүжигчин төрсөн бол энэхүү хүүхдийн наадмаас олон авьяастан тодорно.

相关新闻