Амралтын өдрүүдэд “Хунт нуур” үзэгчдийн хүртээл болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-09 14:23:43

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр өнгөрсөн долоо хоногт 63 дахь улирлын үзвэрээ нээсэн.


Тэгвэл энэ амралтын өдрүүдэд П.И.Чайковскийн “Хунт нуур” бүжгэн жүжгийг тайзнаа амилуулах гэж байна. Энэхүү бүжгэн жүжгийг Монголын тайзнаа анх одоогоос 50 жилийн өмнө анх тоглож байсан юм. Хамгийн анхны Одетта, Одиллиягийн дүрийг ардын жүжигчин Ю.Оюун, Зигфридийг гавьяат жүжигчин Э.Оюунбат, алиа салбадайг ардын жүжигчин О.Ганбаатар нар амилуулсан түүхтэй. Харин энэ удаа гавьяат жүжигчин Б.Саруул Одеттагийн дүрийг бүтээн. Харин соёлын тэргүүний ажилтан Д.Нацагдорж Зигфрид, Э.Эрдэнэжаргал Ротбардад тоглохоор болсон байна.  


Оросын хөгжмийн зохиолч П.И.Чайковский амьдралдаа “Щелкунчик”, “Нойрссон гүнж”, “Хунт нуур” гэсэн гурван бүжгэн жүжиг бичсэн байдаг. Энэ дотроосоо “Хунт нуур”-ыг дэлхийн сонгодог бүжгэн жүжгийн оргил нь гэж үздэг юм. Учир нь тус бүжгэн жүжигт бүжиглэсэн бүжигчид сонгодог арга барилтай жинхэнэ балетын жүжигчин болж чаддаг гэж мэргэжилтнүүд дүгнэдэг байна. “Хунт нуур”-ыг анх 1877 оны гуравдугаар сарын 7-нд Их театрт тоглож байжээ. Тус бүтээлийг П.И.Чайковский нь өөрийн үеэл Давидийн хүүхдүүдэд зориулан “Озера лебедей” гэсэн нэртэй нэг үзэгдэлтэйгээр бүтээсэн. Гэвч тус бүтээл нь хүүхдүүдийн төдийгүй сонгодог урлагийн үзэгчдийн ташаал, хүндлэлийг хүлээсэн алдартай бүтээл болж хөгжсөн юм.


Уг бүтээлийг сонгодог урлагийг үнэлэн үздэг бүхий л улс орны олон арван тайзнаа хэдэн мянган удаа тоглож, орон бүрийн үзэгчдийн нандин, эрхэмсгийн дээдийн дээд бүтээл болсон юм. Тэр дундаа Одетта-Одиллиягийн дүрийг  эмэгтэй балетчин бүрийн уран чадвараа сорих, үзэгчдэд харуулах хамгийн төгс бүтээлд тооцдог ажээ. 

相关新闻