Орон нутагт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг нэн тэргүүнд худалдан авахыг үүрэг болгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨвөрхангай /МОНЦАМЭ/. “Төрийн худалдан авалтад орон нутгийн үйлдвэрийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг аймгийн ЗДТГ-аас зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжүүд, төрийн болон орон нутгийн хөрөнгөөр хөдөлмөр хамгааллын болон дүрэмт хувцас худалдан авдаг байгууллагуудын дарга, эрхлэгч нарыг нягтлан бодогчдын хамтаар урьж оролцуулсан юм. Хэлэлцүүлгээр хөдөлмөр хамгааллын болон дүрэмт хувцсыг орон нутгаас худалдан авахад тулгамдаж байгаа асуудлуудын талаар хэлэлцэв.
Төрийн байгууллагуудын зүгээс хөдөлмөр хамгааллын болон дүрэмт хувцсыг чанартай материалаар биеэс хэмжээ авч, хугацаанд нь нийлүүлэх боломжтой үйлдвэр эрхлэгчидтэй хамтран ажиллана гэв. Оёдолчид ч тэдний хүсэлт, шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой гэдгийг мэдэгдэв.
Аймгийн Засаг дарга Г.Ганболд төрийн худалдан авалтад орон нутагт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг нэн тэргүүнд худалдан авахыг төсөвт байгууллагын дарга, эрхлэгч нарт үүрэг болгож, цаашид оёдлын үйлдвэр, захиалга засвар эрхлэгчдийг бүлэг болон хоршиж ажиллахыг уриалж, дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Ийнхүү хэлэлцүүлгийн үр дүнд төрийн байгууллагуудын хөдөлмөр хамгааллын болон сургуулийн дүрэмт хувцсыг орон нутгийн үйлдвэрлэгчдэд захиалан нийлүүлж байх нэгдсэн ойлголтод хүрлээ.