Малчдыг Өвөрмонголд туршлага солилцох аялалд хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-04-26 23:01:23

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангайн малчдын төлөөллийг ӨМӨЗО-ы Шилийн гол аймагт туршлага судлах аялалд хамруулахаар боллоо. Одоогоор аялалд оролцох хүсэлтэй малчдыг сумдын Засаг дарга нараар дамжуулан бүртгэж,  хөтөлбөр, мэдээллийг хүргүүлж байгаа юм.

Малчид ирж, очих унааны зардал болох 450 мянган төгрөгийг хувиасаа гаргах ба 5 шөнө, 6 өдрийн хөтөлбөртэйгээр Өвөрмонголын малчдаас туршлага судална. Энэхүү аялалд оролцсоноор бэлчээрийн уламжлалт мал аж ахуйг эрчимжүүлж, чанаржуулж байгаа шинэ арга барилыг судалж, малчдын хөдөлмөрийг хөнгөвчлөхөд хэрэглэж байгаа техник, тоног төхөөрөмжтэй танилцан, өөрийн мал аж ахуйдаа нэвтрүүлэх боломж бүрдэнэ хэмээн үзэж байна.

Аяллыг “Арвайн цацал” ХХК-иас ӨМӨЗО-ы Шилийн гол аймагтай хамтран 5-9 дүгээр сар хүртэл зохион байгуулах аж. Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны “Бүтээлч Өвөрхангай-2020” хөтөлбөрт “Малчдыг бэлтгэх, давтан сургах, мал аж ахуйн хөгжлийн талаарх гадаад, дотоодын туршлагыг судлах, нэвтрүүлэх” гэсэн заалтыг хэрэгжүүлэхээр тус аяллыг эхлүүлж байна.

相关新闻