Хаврын тариалалтын бэлтгэлийн талаар Р.Бурмаа сайдад асуулга тавьжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ2015 оны хаврын тариалалтын үеэр байгаль цаг уур, бусад хүчин зүйлээс хамаарч ихээхэн хэмжээний ургац алдаж тариалан эрхлэгчдэд хүнд цохилт болсон учир энэ оны тариалалтын бэлтгэлийг хэрхэн хангаж буй талаар УИХ-ын гишүүн Су.Батболд ХХАА-н сайд Р.Бурмаад асуулга тавьжээ.
Уг асуулгад, УИХ-ын намрын чуулганаар батлан гаргасан “Газар тариалангийн тухай” хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас өнгөрсөн хугацаанд ямар дорвитой ажил зохион байгуулсан, Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр 42 дугаар тогтоолоор батлан гаргасан “Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах богино хугацааны хөтөлбөр”-ийг хэрхэн хэрэгжүүлж байгаа, өнгөрсөн 2015 оны зуны улиралд тохиосон байгаль цаг уурын гэнэтийн үзэгдэл, түүнээс учирсан хохирлоос ямар сургамж авсан, түүний мөрөөр зохион байгуулсан ажлын талаар тодруулсан байна.
Мөн 2016 оны зуны улирлын цаг уурын төлөв, прогноз хэзээ тодорхой болох, үүнтэй холбоотойгоор тариалалтын хугацаанд учирч болох цаг уурын гэнэтийн үзэгдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа талаар мэдээлэл авахыг хүсчээ. Үүнээс гадна хаврын тариалалтад шаардагдах үрийг импортоор авах тухай шийдвэр хэрхэн хэрэгжиж байгаа, тариалалтад шаардагдах үрийн нөөц хүрэлцээтэй эсэхийг тодруулсан байна.
Асуулгын хариуг хуульд заасан хугацаанд бичгээр ирүүлж, улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар сонсгохыг хүсчээ.
Н.Туяа