Латин Америкт ядуусын тоо нэмэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММЕХИКО. /TASS/. Латин Америкт нэн ядуу оршин суугчдын тоо өнгөрсөн онд 29.2 хувиар өсч, 175 сая болсон нь өмнөх жилийнхтэй харьцуулахад 7 саяар их үзүүлэлт аж. Энэ тухай Латин болон Карибын тэнгисийн орнуудын Эдийн засгийн комиссын /ЭКЛАК/ мягмар гарагт нийтэлсэн тайлан мэдээнд дурджээ. Тус байгууллагын шинжээчдийн тооцоолсноор, 75 сая оршин суугчийг туйлын ядуу нөхцөлд амьдарч байгаа хүмүүсийн тоонд оруулж болно.
“Латин Америкт чанартай ажлын байруудыг зайлшгүй бий болгох шаардлагатай” гэж тус байгууллагын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Алисия Барсена мэдэгджээ. Тэрбээр “эдийн засгийн мөчлөгөөс” шалтгаалах ёсгүй “боловсрол, эрүүл мэнд болон аюулгүй байдлын салбарын” бодлогод онцгой анхаарал хандуулах шаардлагатай байгааг цохон тэмдэглэсэн байна.
ЭКЛАК-ийн мэдээлснээр, 2010-2014 онд бусад орныхтой харьцуулахад Уругвай улсад ядуусын тоо илүү их хэмжээгээр буюу 14.9 хувиар буурчээ. Тус улсын дараа Перу /9.8 хувь/, Чили /9.1/, Бразил /7.9/ орж байна. Харин Гондурас, Мексик болон Венесуэлд мөн хугацаанд нийгмийн эмзэг бүлэгт хамаарах иргэдийн тоо 2-5 хувиар өсчээ.
Д.Жаргал