40 настай "Улаан бүч"-ийн хүүхдүүд дуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-04-15 13:41:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хүүхдийн найрал дууны “Улаан бүч” чуулга  40 "нас" хүрч байна. Уг чуулга 1960-аад оны дунд үеэс анх радиод  дуулсан ч 1970-аад оны дунд үед Монголын радиогийн хөгжмийн редакцийн хариуцлагатай редактор Т.Чимэддорж, хүүхдийн нэрт зохиолч М.Чимэд нар Нийслэлийн 39 дүгээр дунд сургуулийг түшиглэн, тус сургуулийн багш Л.Галсандоржтой хамтран "Улаан бүч" гэж нэртэй байгуулж байжээ. 

МҮОНРТ-ийн дэргэдэх “Улаан бүч”  чуулгын 40 жилийн ойн тоглолт Монголын хүүхдийн ордонд өчигдөр боллоо. 1979 онд НҮБ-аас зарласан “ОУ-ын хүүхдийн жил”-д тус чуулга БНУУ-ын Будапешт хотод олон улсын радиогийн дэргэдэх хүүхдийн найрал дууны наадамд анх оролцсон байна. Монголын радиогийн хүүхдийн найрал дууныхан тэр үед 40 хүүхдийн бүрэлдэхүүнтэй байв. 1979-1981 онд тус чуулгын багш, уран сайхны удирдагчаар Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Чимэддорж, З.Оюун, 1982-2014 онд соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Буянхишиг, концертмейстерээр О.Сарантуяа, Д.Янжин нар ажиллаж байжээ.  2014 оноос эхлэн залуу хормейстер У.Мөнхжаргал ажиллаж байна.

Өнөөдөр “Улаан бүч” чуулга Дэлхийн сонгодог бүтээлүүд, өөрийн орны болон гадаадын хөгжмийн зохиолчдын мөн улс үндэстнүүдийн ардын дуунаас бүрдсэн 100 гаруй дуу бүхий урын сантай болсон байна.

Монгол Улсын ардын жүжигчин Б.Зангад, Ч.Мөнхшүр, гавьяат жүжигчин П.Ганбат, Б.Ганчимэг, МУСТА дуучин С.Баттулга нарын зэрэг дуучин, найрал хөгжимчинтэй хамтран уран бүтээл хийж ирсэн нь тэдний нэгэн бахархал юм.

МҮОНРТ-ийн удирдлагууд “Улаан бүч” чуулгыг байнга дэмжиж ирсэн. Энэ жил гэхэд 40 жилийн ойд зориулж “Хөгжмийн эгшигт хайрцаг”  хэмээх бүрэн хэмжээний цомог хэвлүүлсэн байна.

40 настай "Улаан бүч" чуулгын амжилтаас үзвэл,

  1. МПБ байгуулагдсаны түүхт 60 жилийн ойгоор зарласан “Мөнгөн хонх” уралдаанд тэргүүн байр. (1985 он)
  2. Ардын хувьсгалын 60 жилийн ойг тохиолдуулан зарласан эх орон, энх тайван, найрамдлын сэдэвт дууны уралдаанд тэргүүн байр. (1986 он). УГЗ, ТШ Д.Бадарчийн хөгжим, ТХШ Д.Сэнгээгийн шүлэг “Тагтаа” дуугаар.
  3. БНХАУ-ын Тянь-Жин хотноо болсон Олон улсын хүүхдийн урлагийн наадамд амжилттай дуулж, олон орны хүүхдийн хамтарсан тоглолтод оролцлоо. (2000 он)
  4. БНХАУ-ын Шанхай хотноо болсон олон улсын хүүхдийн найрал дууны уралдааны тусгай байр, цом. 2004 он
  5. МҮОНРТ-ээс санаачлан зохион байгуулсан “Алтан зул-2016” хүүхдийн шилдэг дууны бүтээл шалгаруулах уралдаанаас бага насны ангилалд шилдэг бүтээлийн шагнал. (2016 он)

тус тус хүртжээ.  Монгол, Япон хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд Японы хүүхдийн “Тэнгэрийн элчийн дуу хоолой” хамтлагтай хамтарсан бүрэн хэмжээний тоглолт, Дэлхийн 30 гаруй орны хүүхдийн дуунаас бүрдсэн цомогт 4 бүтээлээр оролцсон, ТШ, УГЗ Г.Бирваа, МУСТА Г.Батаа “Ишиг гэдэг хөөрхөн нэр” дуулалт жүжгийг “Баян монгол” чуулгатай хамтран дуулж радиогийн алтан фондод оруулсан байна. Сүүлийн үед ӨМӨЗО-ы цагаан сарын нэвтрүүлэг, Дэлхийн энх тайвны нэрт зүтгэлтэн Шри Чинмой “Монгол”, “Энх тайвны гуйлт”  зэрэг бүтээлийг дууллаа. Мөн П.И.Чайковский “Гилбэрийн хатан” дуурийн хүүхдийн найрал дуу, телевизийн 3 кино концерт, 2 нэвтрүүлэг, “Улаан бүч-20 жил” ойн хүндэтгэлийн тоглолт, Нийслэлийн 377, 378, 379 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтууд, Эх үрсийн баяр, цагаан сарын нэвтрүүлгүүдэд тогтмол оролцсон байна.

40 жилийн ойн тоглолтод 20 гаруй шилдэг найрал дуу дуулж,  үе үеийн гавьяат болон олны танил дуучид нь ая дуугаа өргөлөө. “Улаан бүч” чуулгаас  “Харш” хамтлагийн дуучин С.Баасандорж, Монгол Улсын гавьяат жүжигчин, Хилийн цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин Б.Ганчимэг, Монголын хүүхдийн ордноор овоглосон найруулагч С.Алтануяа зэрэг олон алдартан төрөн гарчээ. 



相关新闻