УДЭТ-ын хаврын аялан тоглолт Дорнодоос эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. УДЭТ-ын энэ хаврын "Театрын өдрүүд" аялан тоглолт энэ сарын 24-26-ны өдөр Дорнод, Хэнтий аймгаас эхлэх гэж байна. Халх голын ялалтын 80 жилийн ойд зориулан ийнхүү Дорнодын хязгаараас тоглолтоо эхлүүлэхээр шийдвэрлэжээ.
Зохиолч Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” түүхэн жүжиг, зохиолч Л.Өлзийтөгсийн “Бүсгүйн зурвас” нийгэм уянгын драмын жүжиг, төрийн шагналт зохиолч Э.Оюуны “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг, С.Михалковын “Бардам туулай” хүүхдийн жүжиг зэрэг бүтээлүүдээ 50 хувийн хөнгөлөлтөөр орон нутгийн үзэгчдэд толилуулах аж. Уламжлал ёсоор уран бүтээлч, үзэгчдийн уулзалт, ярилцлага, мэргэжил арга зүйн сургалтууд ч зохион байгуулах юм байна.
Аялан тоглолтын бүрэлдэхүүнд УДЭТ-ын удирдлага, ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл болсон нийт 70 орчим уран бүтээлч оролцоно. Аялан тоглолтын зөвлөхөөр төрийн шагналт, ардын жүжигчин Н.Сувд, ахлагчаар МУСТА С.Болд-Эрдэнэ, уран сайхны удирдагчаар гавьяат жүжигчин Ж.Оюундарь нар ажиллана.