Л.Мөрдорж ширээ тогшиж, крантны ус чагнаж нотоо бичдэг байжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Төрийн шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж нарын мэндэлсний 100 жилийн ой энэ жил тохиож байна. Өнөөдөр Улсын Филармонийн байранд Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров, Ардын жүжигчин Б.Зангад болон "Мөрдорж сан"-гийн төлөөлөл хэвлэлийн бага хурал хийлээ.
Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Л.Мөрдорж гуайн ач нар болон авга нарын нь хүүхдүүд нийлээд их хөгжмийн зохиолчийн нэрэмжит санг үүсгэн байгуулсан байна. Тус сангийнхан Л.Мөрдоржийн бүтээлүүдийг хадгалж, хамгаалж, нийтэд танилцуулж, түгээх зорилготой. Л.Мөрдоржийн мэндэлсний 100 жилийн ойг Монголын урлагийн холбоо, Засгийн газартай хамтран тэмдэглэх төлөвлөгөө гаргаж байна.
Л.Мөрдоржийн том хүү М.Галбадрахын хүү Г.Тэнгис "Өвөө маань амьд сэрүүн байхдаа надад 700 гаруй бүтээл байгаа гэдэг байсан. Өвөөгийнхөө бүтээлийн нотуудыг эмхлэн цуглуулж байна. Өвөөгийн энд тэнд орхисон бүтээлийн эхүүд ч нэлээд байх магадлалтай. Би сүүлд Архивын ерөнхий газарт очиж, өвөөгийн бүтээлүүдийг сонирхоход долоо, найман хайрцаг нот гарч ирсэн. Кино архивт маш олон материал байна билээ. Эмээ гэхэд л, Монголын циркт ажиллаж байсан, гавьяат жүжигчин О.Цэрэндулам. Өвөө сүүлд Солонгос хүнтэй гэр бүл болсон. Өвөө маань гал тогоондоо ширээ тогшиж байгаад цаасан дээр нотоо бичиж байсныг би санадаг. Бас крантны усны чимээг хүртэл сонсож бичдэг нарийн мэдрэмжтэй байсан" гэж ярив.
“Монгол гэдэг улсад хөгжмийн театр тэр дундаа дуурийн театрыг Ази тивдээ хамгийн хүчтэй хөгжүүлсэн гол хүн бол Б.Дамдинсүрэн. Бөмбөгөр ногоон театрын хөгжимчин, удирдаач. Харин хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн хувьд, одоо Монголын урлагт ажиллаж буй Үндэсний их театр буюу хуучнаар Ардын дуу, бүжгийн чуулга. Энэ чуулгын төрийн их найрал хөгжим, үндэсний хөгжмийг бүтэц, бүтээлийн хувьд олон улсын түвшинд гаргаж ирсэн хүн. Энэ хоёр алдартай хөгжмийн зохиолч үнэн чанартаа монгол үндэстний хөгжмийн соёлыг XX зуунд авч гарч ирээд, хойч үедээ хүлээлгэж өгсөн зүтгэлтэн юм. Бас нэг сонирхолтой зүйл бол, Монгол Улсын Төрийн шагналыг хөгжмийн салбарт "Маршалын шагнал" гэж байхад нь хоёуланг нь хүртсэн хоёр хүн юм. 1960 хэдэн оноос маршал Х.Чойбалсангийн шагналыг алга болгоод, Төрийн шагнал гэж нэрийг нь өөрчилсөн байдаг. Гэтэл энэ хоёр хүн хоёулаа "Маршалын шагнал"-тай хөгжмийн зохиолч юм. Энэ нь социалист үеийн эрчимтэй хөгжлөөс өмнө улс төрийн бодлогын түвшинд хөгжмийн урлагийг нийгмийн дээд түвшинд авч ирсэн хоёр хүн” гэдгийг Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров онцоллоо.