Сирийн 54 мянган дүрвэгчийг Туркээс ЕХ-нд тараан байрлуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБРЮССЕЛЬ. /TASS/. Сирийн 54 мянган дүрвэгчийг Туркээс Европын Холбооны /ЕХ/ орнуудад тараан байрлуулах тухай саналыг Европын Комисс /ЕК/ баталжээ. Энэ тухай тус комиссын хэвлэлийн алба мэдээлжээ.
“Гуравдугаар сарын 18-нд буюу өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт ЕХ болон Туркийн хооронд байгуулсан гэрээтэй холбоотойгоор Итали, Грекээс олон улсын хамгаалалтад авах шаардлагатай хүмүүсийг тараан байрлуулах асуудлаарх зөвлөлийн шийдвэрт өөрчлөлт оруулах тухай саналыг ЕК хүлээж авч байна. Энэ нэмэлт өөрчлөлтэй холбоотойгоор Сирийн 54 мянган дүрвэгчийг Туркээс ЕХ-ны орнуудад тараан байрлуулна” гэж тус комиссын мэдэгдэлд дурдсан байна.
Мэдэгдэлд мөн ЕХ-ны гишүүн орнууд дүрвэгсдийг тараан байрлуулах газруудынхаа тоог өгөх зайлшгүй шаардлагатай болохыг цохон тэмдэглэжээ.
Сирийн дүрвэгсдийг Туркээс ЕХ-ны орнуудад тараан байрлуулах ажил дөрөвдүгээр сарын 4-нд эхэлнэ гэж ЕК-ын төлөөлөгч Наташа Берто мэдээлсэн байна.
Гуравдугаар сарын 17-18-нд болсон ЕХ-ны дээд хэмжээний уулзалтын дүнд Брюссель болон Анкара “нэгийг нэгээр” гэсэн зарчмаар дүрвэгсдийг солилцох тухай заасан дүрвэгсдийн асуудлаарх гэрээг байгуулжээ. Энэ нь ЕХ Туркийн нутаг дэвсгэрээр дамжин Грект ирсэн хууль бус бүх цагаачийг Турк руу буцаагаад, харин тус улсаас Сирийн дүрвэгсдийг хүлээж авна гэсэн үг юм.
Д.Жаргал