Ажлын байранд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийг илрүүлэхэд онцгой анхаарч ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймагт “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ы нээлтийг энэ сарын 2-ны өдөр ХХҮГ-аас зохион байгууллаа.
Тус үйл ажиллагаанд 71 байгууллагын 300 орчим ажилтан, албан хаагч, иргэдийн төлөөлөл оролцож, ХХҮГ, МХГ, НДХ-ээс өгч буй зөвлөгөө, мэдээллийг хүлээн авав. Мөн МСҮТ, Орда хүнсний үйлдвэр, Ноос-Ирээдүй ХХК-аас үзэсгэлэн гаргаж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хэрэгжүүлж буй сайн туршлагаасаа хуваалцлаа.
Энэ үеэр нийтийн хоол, дулаан үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад “Эрүүл, аюулгүй ажлын байр” аяныг хэрэгжүүлэхээр туг, дэвтэр аялуулж эхлэв.
Аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус зөвлөл хуралдаж, цаашид хийх ажлаа тодорхойлсон бөгөөд ажлын байранд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийг илрүүлэхэд онцгой анхаарч ажиллана гэлээ. Мөн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны стандартыг мөрддөг, хууль дүрмийг биелүүлдэг байгууллагуудыг сурталчилж, урамшуулах аж.
Сарын аяны хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар хууль, журам, дүрэм, стандартыг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, олон нийтэд сурталчлах ажлын төлөвлөгөө гарган, эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох ажил өрнүүлэх юм байна.