Р.Өсерхан: Дүр бүтээнэ гэдэг бол хүнээс хүн бүтээнэ гэсэн үг юм

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-04-03 13:10:07

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрын уран сайхны удирдагч, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Өсерхантай ярилцлаа.


-Таны урлагт анх хөл тавьсан түүхээс өнөөдрийн яриагаа эхэлье.


-Баярлалаа. Тэртээ 1970 онд Баян-Өлгий аймгийн театрт анх бүжигчнээр орсон. Тэр үед байгууллагуудад нэгдсэн халаалт гэж байгаагүй. Ажлынхаа хажуугаар зуухны үнсийг ачиж, манаач нар ээлжийн амралтаа авахад шөнө манаагаа, өдөрт нь бүжгийнхээ дасгалыг хийж явлаа. 1976 онд УБДС-ийн кино-драмын ангид элсэн орж 1980 онд төгссөн. Дараа нь театртаа эргэн ирж драмын жүжигчнээр орсон. 1989 оноос театрын туслах найруулагч, 1990 онд ерөнхий найруулагч, уран сайхны удирдагчаар ажилласан байгаа. 1990-1991 онд Казахстан Улсын Алматы хотноо найруулагч мэргэжлээр мэргэжил дээшлүүлэх курст суралцсан. Түүнээс хойш ерөнхий найруулагч, уран сайхны удирдагч, театрын даргаар ажиллаж 2013 онд өндөр насны тэтгэвэрт гарсан. Одоо урлагийн салбарт 49 дэх жилдээ хөдөлмөрлөж байна.


- Тэтгэвэрт гарсны дараа театрт урилгаар ирж ажиллаж байгаа гэж ойлголоо.


 Би дуулгавартай хөгшин шүү. Яв гэвэл яваад өгдөг, ир гэвэл буцаад ирдэг /инээв/.  2017 оны хоёрдугаар сараас театрын уран сайхны удирдагчаар ажиллаж байгаа.


- Театрын тайзнаа хэдэн гол дүр, туслах дүр бүтээгээд байна?


- Бүжигчин байхдаа олон ардын бүжиг, ардын бүжиг, сонгодог бүжиг гээд 70 гаруй бүжигт бүжиглэсэн. Драмд шилжиж ирснээс хойш 42 дүр бүтээсэн байна. Ихэнх нь гол дүр, ганц хоёр нь туслах дүр. Найруулагч мэргэжил эзэмшсэнийхээ дараа олон дуурь, драмын жүжиг, төрийн болон энгийн концертууд найруулж тавьсан даа. Тоог нь тодорхой хэлж чадахгүй.


- Кинонд тоглож байсан уу?


- Кинонд тоглох гэж юу байхав дээ. Оролцож байсан. 1986 онд Ж.Сэлэнгэсүрэн гуайн найруулсан "Ирэх хаврын цэцэг" уран сайхны киноны үйлдвэрийн мастерын дүрд тоглосон. Дараа нь Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган гуайн найруулсан "Үхэж үл болно-Чингис хаан" кинонд Найманы Таян хааны дүрийг бүтээж байлаа.




- Өнөөдрийн өндөрлөгөөс харахад өөрийн бүтээсэн дүрүүддээ сэтгэл хангалуун байдаг уу?


- Хүн амьдралд ч, уран бүтээлд ч тэр ханалаа, цадлаа, юмны өндөр оргилд нь хүрлээ гэж хэлж чадахгүй шүү дээ. Бүтээгүй юмнууд их байдаг. Миний хувьд тоглосон бүх дүрдээ сэтгэл хангалуун биш. Тэр дүрийг тэгдэг байж, энэ үгээ ингэж хэлдэг байж, хөдөлгөөнөө ингэж хийх ёстой байж гэж эргэцүүлэн боддог үе бий. Жүжигчин хүн амжилтын оргилд хүрлээ гэж тайвширвал өөр өөрийгөө сөнөөж байна гэсэн үг.


- Анхны бүтээсэн дүрээ санаж байна уу?


- Саналгүй яахав. 1980 оны МУБИС-ийн кино-драмын ангийн төгсөлтийн дипломын жүжиг бол миний бүтээсэн анхны дүр байсан. Киргизийн их зохиолч М.Байжиевийн "Сэтгэлд харвасан туяа" нэртэй жүжгийг одоогийн Ардын жүжигчин С.Сарантуяа, Гавьяат жүжигчин Д.Гүрсэд бид гурав тоглож байлаа. Миний хувьд Искандрын дүрийг бүтээж дипломын ажлаа онц дүнтэй хамгаалсан. Харин анхны бүжгийн гараагаа Өлгийд вьетнам бүжгээр эхэлсэн юм.


- Таны хувьд мөрөөдлийн дүр гэж байсан уу?


- Мөрөөдлийн дүргүйгээр уран бүтээлч болж явахын хэрэг юу байна. У.Шекспирийн «Отелло», «Гамлет»-д тоглохыг жүжигчин хүн болгон мөрөөддөг. Миний мөрөөдөл ч тэр байлаа.


 Мөрөөдлөө биелүүлж чадсан уу?


- Тоглож чадаагүй.



 Багш нарынхаа талаар дурдахгүй юу?


- Би маш олон багштай. Намайг анх бүжигт ороход Гүрбазар гэдэг багштай байсан. Мөн манай аймгийн Хандсүрэн, Лхасүрэн зэрэг олон хүмүүс урлагийн эрдэм заасан. Багшийн дээд сургуульд драмын урлагийн онол, практикийг заасан Ардын жүжигчин Б.Мөнхдорж, Казахстанд бол Асанали Ашимов байна. Энэ хүмүүсийн шавь байсандаа бахархдаг.


- Таны амьдралын  философи юу вэ?


- Энэ хорвоод мэндэлсэн юм чинь хамгийн түрүүнд хүн болж төлөвших хэрэгтэй. Зөв хүн болж төлөвшсөн хүн эмч, жүжигчин, эдийн засагч гээд ямар ч мэргэжлийг эзэмшиж чадна. Миний амьдралын философи бол хүн болох.


 Жүжигчин хүн олон хүний амьдралаар амьдрах шаардлага гардаг. Энэ нь сэтгэл зүйн хувьд хэцүү биш үү?


- К.Станиславский нэг дүр бүтээсэн жүжигчнийг хүүхэд гаргасан эхтэй зүйрлэдэг. Дүр бүтээнэ гэдэг бол хүнээс хүн бүтээнэ гэсэн үг л дээ. Тийм ч амар ажил биш. Аль ч жүжигчин зовж байж дүрдээ орж чаддаг. Зовж гарсан юм чанартай, ард түмэнд хүрдэг юм.


- Бүтээсэн дүрүүдийнхээ дотор сэтгэлдээ хоногшин үлдсэн ямар дүрүүд байна?


Дээр хэлсэн дипломын жүжгийн Искандерийн дүр байна. Тухайн жүжгийг аймгийн театрт, бригадаар явж тоглоход олон хүнд таалагдсан. Дараа нь Казахстаны М.Ауезовын нэрэмжит театрт Г.Мүсиреповын "Янаг амрагийн тууль" /Қозы Көрпеш-Баян сулу/ жүжигт Ходарын дүрд тоглосон минь ард түмэнд хүрсэн байх гэж боддог.


- Театр соён гэгээрүүлэх, үзэл суртлын зэвсэг байсан нь саяхан. Одоо энэ үүргээ хэр зэрэг биелүүлж байна?


- Социализмын үед театрыг үзэл суртлын зэвсэг хэмээн үзэж дээрээс удирдан ажиллуулдаг байлаа. Зах зээлийн нийгэмд шилжсэн хойно чөлөөт уран бүтээлийн замд орсон. Ард түмэн юу хүсэж байна гэдэгт дүн шинжилгээ хийж, зохиолч болон концертын жанрыг өөрсдөө сонгож аваад уран сайхны зөвлөлөөр батлуулан тоглож байна. Амьдрал бол тэр аяараа тайз. Амьдрал тайзнаас эхэлдэг. Амьдрал байгаа цагт театр байна.




- Одоо ярилцлагаа таны ажиллаж байгаа аймгийн хөгжимт драмын театр руу чиглүүлье гэж бодож байна. Та дээр энэ газарт 49 дэх жилдээ ажиллаж байна гэлээ. Тус театрын алтан үе гэж аль үеийг нэрлэх вэ?


- Би 1970 онд анх ажилд ороход театрын уран бүтээлчдийн тоо 122 байсан. Чанарын хувьд ч сайн байлаа. Хоор драмын анги 38 хүнтэй, бид бүхний бахархал болсон казах үндэсний оркестр 42 хүний бүрэлдэхүүнтэй, бүжигчид нь 16-20 хүнтэй байв. Энэ үе бол үнэхээр өрнөлийн үе байсан шүү. Энэ байдал 1990 он хүртэл үргэлжилсэн. Зах зээлийн амьдрал эхлэхэд манай улсын урлагийн бүх салбар уналтад орсон доо. Тэгээд одоо л дахин сэхэж  байна.


- Одоогийн бүтэц орон тоо нь ямархуу байна?


- Одоо бол 65 хүний орон тоотой. Хоор драмын ангид 12 хүн, оркестр нь 22 хүний бүрэлдэхүүнтэй, зургаан бүжигчинтэй байна. Бүх юм хөрөнгө мөнгөтэй л холбоотой. Аливаа юмыг болгох гэсэн сэтгэл байвал бүтэхгүй юм байхгүй.


- Урлагийн салбарт яваа өнөөгийн залуучууд таны залуу байсан үетэй харьцуулахад авьяас, чадварын хувьд ямар байна?


- Авьяас байгаа. Мэдлэг нь жаахан дутах болов уу. Өнөөгийн залуучууд эрэл хийдэггүй. Чанаргүй боловсрол олгодог их дээд сургууль олон байна. Бидний үед цөөхөн тооны сургуультай, залуучууд чин сэтгэлээсээ яс сурдаг байсан шүү.


-  Театрт жүжгийн зохиол бичиж өгөх хүн хэр олон байна?


- Жүжгийн зохиол бичих хэцүү. Ж.Байыт, Ж.Аргынбай, Х.Силам, Х.Солтан зэрэг олон зохиолчийн бүтээлүүд театрын тайзнаа амилсан. Тэгээд түр завсарлаж байгаад саяхан СГЗ Р.Сураганы зохиолч, төр нийгмийн зүтгэлтэн М.Хурманханы тухай "Тод од" /Жарых жулдыз/ түүхэн жүжгийг тавилаа. Хошин шогийн зохиол бичдэг Б.Муратбек гэдэг залуу байна. Энэ чиглэлээр ажиллах залуучууд цаашид олноор тодорно гэдэгт итгэлтэй байна.


- Баян-Өлгий аймгийн ХДТ-ын уран бүтээлчдийн хөгжил бусад аймагтай харьцуулахад ямар байна?


- Хүн болгон өөрийгөө магтах дуртай л даа. Гэхдээ би худлаа магтдаггүй. Манай театрын казах үндэсний оркестр дэлхийн сонгодог бүтээлүүд, ардын зохиолуудыг дэлхийн хаана ч очиж тоглох чадалтай. Бүжгээр жаахан ядуухан. Драмын мэргэжлийн жүжигчид цөөхөн ч ур чадварын хувьд гайгүй. Өнгөрөгч онд Завхан аймагт болсон баруун бүсийн жүжгийн уралдаанд Монголын нэрт найруулагч, жүжгийн зохиолч Э.Оюуны "Хэзээ ч мартахгүй" жүжгийг монгол хэлээр тоглож хоёрдугаар байр эзэлсэн. Монгол хэлээр жүжиг тоглож болох юм байна гэдгийг манай уран бүтээлчид энэ үеэр харуулж чадлаа. Мөн өнөөдөр манай театрын уран бүтээлчдийн 90 хувийг залуучууд бүрдүүлж байна. Энэ бол бас нэг бахархууштай зүйл юм.


- Одоо ямар уран бүтээл дээр төвлөрөн ажиллаж байна?


- Театрын жилийн төлөвлөгөөнийхөө хүрээнд манай хамт олон Цагаан сар, Наурызын баяр, Олон улсын Эмэгтэйчүүдийн баяраар концерт  тавьсан. Турк Улсад тоглолт хийх уран бүтээлчдийг бэлтгэх, мөн Казахстаны зохиолч Баххожа Мухайн "Цатгалан шөнө" /Тоят түни/ жүжиг дээр ажиллаж байна. Ирэх намар тавина. Сэргээн босгох жүжгүүд бас байгаа.


- Ярилцлага өгсөнд баярлалаа!

相关新闻